8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал О.Одбаяр ING группийн хөрөнгө оруулалтын түншлэгчдийг хүлээн авч уулзлаа

2018-08-24 18:00:00

Нидерландын банк, санхүүгийн чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг ING группийн хөрөнгө оруулалтын түншлэгчдийг “Эрдэнэс Монгол” компанийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал О.Одбаяр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад ING группийн түнш болох хөрөнгө оруулалтын менежментээр мэргэшсэн дэлхийн томоохон компаниудын нэг Стандарт Лайф Абердин (Standard Life Aberdeen), олон улсын зах зээлд хурдацтай нэвтэрч буй улс орнуудыг тусгайлан хамарсан хөрөнгө оруулалтын менежментээр тэргүүлэгч фирм болох Спинэкер Капитал (Spinnaker Capital)-ын төлөөллүүд оролцлоо. Мөн Азийн хамгийн том хөрөнгийн менежментийн хараат бус фирмүүдийн нэг болох Валю Партнерс групп (Value Partners Group) болон Хятадаас бусад хөгжиж буй зах зээлээс гаргаж буй Засгийн газрын болон Засгийн газрын өмчит бондуудад хөрөнгө оруулалт хийдэг БОКОМ Интернэшнл (BOCOM International)-ийн төлөөлөгчид оролцов.

“Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал О.Одбаяр “Эрдэнэс Монгол” болон охин, хараат компаниудын үйл ажиллагаа, хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа. Тэрбээр “Багануур” ХК болон “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайн өргөтгөл, техникийн шинэчлэлийн төсөлд хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх боломжийг онцолж, талуудын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Түүнчлэн “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн хуулийн зөвлөх Р.Мөнхбат нь Оюутолгой төслийн талаар танилцуулга хийж, гүний уурхайн бүтээн байгуулалтын явц болон уурхайн олборлолтын үйл ажиллагааны талаар мэдээллийг өгөв.

ING группийн хөрөнгө оруулалтын түншлэгчид уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс танилцуулсан төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах боломжийг сонирхож байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Монголын нэрийн хуудас болсон Оюутолгой төсөл амжилттай хэрэгжиж байгаа нь хөрөнгө оруулагчдад Монгол улстай хамтран ажиллах боломжийг бүрдүүлж өгч байна гэдгийг Стандарт Лайф Абердин ХК-ийн Хөрөнгө оруулалтын менежер Жин Янг Ли хэлэв.

Нидерланд улсын нийслэл Амстердамд төвтэй ING групп нь банк санхүү, даатгал, худалдаа, үл хөдлөх хөрөнгө болон хөрөнгө оруулалтын чиглэлд түлхүү төвлөрч үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2017 онд дэлхийн 40 гаруй орны 37 сая харилцагчтай түншилжээ. Европын томоохон банк санхүүгийн байгууллагад тооцогддог тус группийн орлого өнгөрсөн онд 17 тэрбум ам.доллар давсан бол ашгийн хэмжээ 4.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Боловсруулсан: Б.Даваатогтох

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment