8o
Улаанбаатар хот
mobile menu

Авто замын эвдрэлийг засахад 4.6 тэрбум төгрөг зарцуулна

2018-08-14 16:00:00

Говийн аймгуудад их хэмжээний усархаг аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд эвдрэл үүсч, нүүрсний тээвэрлэлт хийхэд эрсдэлтэй болсон. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр (2018.08.13) шуурхай хуралдаж, компанийн 2018 оны төсөвт тодотгол хийн, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын эвдрэлийг засахад 4.6 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ.

Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл болох үерийн улмаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын аюулгүй байдал алдагдаж, нүүрс тээвэрлэлт зогсох, экспортын эрчим сулрах эрсдэл үүссэн. Мөн жолооч нарын амь нас эрүүл мэнд хохирох эрсдэлтэй тул “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх арга хэмжээг авав. Үүнээс гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор үүсэж болох эрсдэлийг урьдчилан тооцоолох, хор уршгийг цаг алдалгүй арилгах арга хэмжээ авахад чиглэсэн бодлого, дүрэм журмын төслийг боловсруулах үүргийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүүд даалгав. Манай улсын нүүрсний экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам өнгөрсөн долдугаар сарын 14-нөөс хойш 19 удаа үерт автсан юм.

Мөн хурлаар “Тавантолгой түлш” компанийн үйл ажиллагааны талаар Гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав. Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд ирэх оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан түлшээр орлуулах шийдвэр гаргасан. Энэхүү зорилтын хэрэгжилтийг хангах үүднээс “Тавантолгой түлш” компанийг байгуулсан билээ. Тус компанийн эхний ээлжинд ашиглалтад орох үйлдвэр жилд 100 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд нэг тонн шахмал түлшний үнэ нэг тонн түүхий нүүрсний үнээс ихгүй байхаар тооцож байгаа юм. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Тавантолгой түлш” компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх чиглэл өглөө.

Үүнээс гадна “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн ерөнхий аудиторыг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулж, П.Энхбаярыг томиллоо.

Боловсруулсан: Б.Даваатогтох

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл