УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардлын хэмжээг хэлэлцэж, 16.4 тэрбум төгрөг байхаар тогтсон билээ. Энэхүү зардлаас 2.5 тэрбум төгрөгийг саналын хуудас тоолох автоматжуулсан машинд, 3.2 тэрбумыг саналын хуудас хэвлүүлэхэд зарцуулахаар тооцсон. Үүнийг СЕХ ийнхүү тайлбарлажээ. “16.4 тэрбум төгрөгийг баталмагц аймаг, нийслэлийн, сум дүүргийн, хэсгүүдэд гэх мэтээр шат шатандаа мөнгөө хувиарлахад бага л мөнгө гарах юм.
Дөрвөн жилийн өмнөх сонгуулийн хар машины баттерей дууссан тул сэлбэг, цэвэрлэгээний материалыг авах 2.5 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон” хэмээн тайлбарласан.
Уг тайлбарын дараа баттерей солиход “Ийм их хэмжээний хөрөнгө зарлагадаж болохгүй” гэдэг шүүмж цахим хуудас, иргэдийн дунд яригдах болсон юм. Ер нь 2.5 тэрбум төгрөгийг батерианд зарцуулж байхаар сонгуулийн хэсэг, хороо бүрээ камержуулаад л тоолчихвол илүү шударга, илүү үнэмшилтэй сонгууль болох юм шиг санагдах юм. Нөгөө талаасаа сонгуулийн ерөнхий хороонд тийм хүсэл алга бололтой. Харин ч батериа мэтээ солих, засварлах нэрийдлээр “мөнгө унагах” гэсэн арга ядсан хардлагыг ч төрүүлж байна.