Live energy" уул уурхайн компанийн захирал А.Эрдэнэбат болон Их аварга Д.Дагвадорж хоёрын хооронд маргаан үүсч шүүхийн байгууллагад хандсан талаар мэдээлэл гарсан. А.Эрдэнэбат Д.Дагвадоржид 10 сая ам.доллар залилуулсан бөгөөд шүүхийн байгууллагад хандсан байгаа аж.
Энэ талаар А.Эрдэнэбат хэлэхдээ: “Би долоон жилийн өмнө их аварга Д.Дагвадорж, Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нартай холбогдсон. Манай төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчдыг Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нар надад танилцуулсан. Тэр хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын иргэн Хуан Ёу Лун байсан. Хуан Ён Лунгийн эхнэрийг монголчууд Хуан жү гэг гэх нэрээр нь танина. Ингээд бидний хэрэгжүүлж байсан төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр Хуан Ёу Лун А.Эрдэнэбат миний нэр дээр 10 сая ам.долларын зээлийн гэрээ хийсэн. Энэ мөнгийг Д.Дагвадоржийн банк болох Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан оруулж ирсэн. Гэсэн ч Д.Дагвадоржийн хувийн данс руу шилжсэн. Ингээд захиран зарцуулалтыг Д.Дагвадорж хийсэн. Миний бие ганц ч ам.доллар аваагүй. Гэтэл хөрөнгө оруулагч болох Хуан Ёу Лун 10 сая ам.доллараа 15 сая ам.доллар болгон надаас нэхэмжилсэн. Энэ хэргийг би хуйвалдааны, залилангийн шинжтэй хэмээн үзэж Монголын хууль хяналтын байгууллагад хандан, энэ хэрэг одоо шалгагдаж байгаа” гэв. Харин нь үүний хариуг Их аварга тэр дор нь хийсэн. Тэрбээр энэ талаар няцаалт мэдээлэл хийх үедээ “Ярьж л байг ээ, тийм зүйл огт байхгүй. Би энэ талаар удахгүй мэдээлэл хийнэ. Сайхан сэтгэлийг усаар хуурсан муу луйварчин байгаа юм” гэсэн мэдээлэл өгсөн.
Энэ хэрэгт Д.Дагвадоржийн ах Д.Сумъяабазар ч мөн нэр холбогдсон. Д.Сумъяабазарын хувьд энэ мэдээллийг мөн л үгүйсгэсэн. Д.Сумъяабазар “Би энэ асуудлыг мэдэхгүй. Сонгууль дөхсөн болохоор намайг ийм асуудалд холбогдуулж байгаа юм байлгүй. Надад хамаагүй” гэсэн хариултыг өгсөн байна.
Залилсан, залилуулсан гэж яригдаад байгаа 10 сая ам.долларын асуудал 2010 оноос эхлэн яригдаж байсан.
2010 онд А.Эрдэнэбат НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн байсан тэрбээр “Нуклер энержи монголиа" ХХК –ийг иргэн Ц.Соёмботой хамтарч байгуулсан байдаг. Тухайн үед компанийн дийлэнх буюу 60 хувь нь Ц.Соёмбынх байсан. Гэтэл А.Эрдэнэбат “Хөрөнгө оруулагчид надад итгэж өгөхгүй байна, Миний хувийг 50 болгочихвол том хөрөнгө оруулалт хийнэ” гэж байгаад "Нуклер энержи монголиа” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэх хуурамч бичиг баримтыг 2010 оны есдүгээр сард бүрдүүлэн 5 сая ам.доллар хувийн дансандаа шилжүүлж авсан тухай мэдээлэл цацагдаж байсан. Гэтэл А.Эрдэнэбат хэвлэлийн хурал хийх үеэрээ 5 сая ам.доллар миний данс руу биш Д.Дагвадоржийн дансруу орсон. Гэрээ хийсэн 10 сая ам.доллар хоёр хуваагдан Д.Дагвадоржийн данс руу орсон. Д.Дагвадорж энэ мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэсэн мэдээллийг өгсөн. Одоогоор энэ хоёр эрхэмийг хэн нь үнэн яриад байгааг ойлгох хүн нэг ч алга. Магадгүй цаг хугацаа бөгөөд шүүх үнэн мөнийг тогтоох биз ээ.