8o
Улаанбаатар хот
mobile menu

"Шведийн Угсаатны зүйн музей, Свен Хэдиний санд хадгалагдаж буй Монголын 2,000 гаруй эд зүйлээс Стокхолмд үзэсгэлэн гаргах боломжтой"

2022-05-25 10:27:38

Шведийн Хаант Улсын парламент буюу Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2022.05.24) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд дэлхий дахины энэ амаргүй цаг үед урт замыг туулж Монгол оронд зорьж ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэв.

Тэрбээр, “КОВАКС” хөтөлбөрт үнэтэй хувь нэмэр оруулсан Шведийн Хаант Улсад гүн талархал илэрхийлж, манай улсын иргэдийн дархлаажуулалтад “КОВАКС” хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв.

Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монголд байх хугацаандаа Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл, Байнгын хорооны дарга болон бусад албаны хүмүүстэй уулзаж, ардчилал, хүйсийн тэгш байдлыг хангах талаар санал солилцсон гэв.

Тэрбээр хэлэхдээ, манай улсад ардчилал үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд бид нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог бүхий л салбарт нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалт хийхээр ажиллаж байна хэмээн танилцуулав.

зураг

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ардчиллын 100 жилийн түүх, ардчиллын хөгжил, ялангуяа жендэрийн эрх тэгш байдал ба хууль тогтоомж, бодлого, жендэрийн эрх тэгш байдлын уялдаа холбоо, бодлогын талаарх үнэ цэнтэй туршлагаа хуваалцсанд нь талархал илэрхийлэв. Тэрбээр, манай гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш, Шведийн Хаант Улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан итгэлцэл, ардчилал, хүний эрх, хууль тогтоох ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улс чухал ач холбогдол өгдөг гэв.

Мөн 2024 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Ойн хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг дэмжсэн олон арга хэмжээг зохион байгуулах нь чухал. Тухайлбал, Шведийн Угсаатны зүйн музей болон Свен Хэдиний санд хадгалагдаж буй 2,000 гаруй Монголын эд өлгийн зүйлээс Стокхольм хотноо үзэсгэлэн гаргах боломжтой гэдгийг дурдав.

зураг

 

зураг

 

Уулзалтын дараа хүндэт төлөөлөгчид Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочилж, Монголын хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, түүхтэй танилцлаа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл