8o
Улаанбаатар хот
mobile menu

"Нэр бүхий компаниудын 220 тонн мах, махан бүтээгдэхүүнээс эмгэг төрүүлэгч нян илэрсэн ч устгалд оруулалгүй хадгалсаар байна"

2022-08-10 10:35:44

Засгийн газрын зургаадугаар сарын 8-ны өдрийн 32 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийн үр дүнг шалгах болон бусад асуудлаар Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар (МХЕГ)-т ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох аж ахуйн нэгжүүдэд үүссэн асуудлаар Засгийн газраас шийдвэр гарч, Мах, махан бүтээгдэхүүнд ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, баталгаажуулах, мал эмнэлгийн нэгдсэн цахим системийг нэвтрүүлэх, мах бэлтгэх, боловсруулах, мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдаалах зэрэг бүх шатанд дээрх системийг нэвтрүүлж, энэ оны гуравдугаар улиралд багтаан хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгөөд байсан юм.

Дээрх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллага улсын хэмжээнд нийт 52 аж ахуйн нэгжид хяналт, шалгалт хийсэн байна. Үүнээс “Хүн-Од”, “Эрүүл монгол мах эко”, “Өргөө мийт трейд”, “Алтайнцээл меат” зэрэг компанийн нийт 220 тонн махнаас эмгэг төрүүлэгч нян илэрсэн нь шинжилгээгээр батлагдсан.

Гэтэл тус компаниудын зүгээс лабораторийн шинжилгээг эсэргүүцсэнээр дээрх 220 тонн махны асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй, устгалд оруулалгүй хадгалсаар байгааг хариуцсан мэргэжилтнүүд хэлсэн юм. 

Иймд НМХГ-ын дарга Б.Батшагай, НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатар нарыг үүрэгт ажлаа цалгардуулсан, лабораторийн шинжилгээ, дүгнэлт нь гарчихсан асуудлыг шийдвэрлэлгүй 2, 3 сар хойшлуулсан зэрэг шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Шадар сайд С.Амарсайхан “Мэргэжлийн хяналтын байгууллага мэргэжлийн байж, төрийн байгууллагын үлгэр жишээ байх ёстой. Доод, дунд шатны дарга нараа хаацайлсан, ажил хийдэггүй замхруулж байгаа нь төрийн бүтээмж, нэр хүндийг унагааж байна. Цаашид ч Засгийн газрын бодлого, төрийн бүтээмжийг үнэгүйдүүлдэг доод, дунд шатны дарга нартай хатуу хариуцлага тооцно” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Дунд доод шатны авилгач дарга нарт нэр бүхий кампани аж ахуйн нэгжүүдэд эрүүгийн хариуцлага тооцож цэвэршинэ тэхгүй бол ард иргэд бохир муудсан өмхий мах идсээр байх болно
2022/08/10 202.9.46.77