8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Ганболд: Сайжруулсан түлшний 227 цэгийн борлуулагчийг шинээр сонгон шалгаруулсан

2022-09-05 13:43:20

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлш 95 мянган тонн, мидлинг 193 мянган тонн, барьцалдуулагч 3000 тонн, 788 мянган ширхэг шуудай нөөцтэй байгааг шуурхай зөвлөгөөний үеэр онцоллоо.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд:

-2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Таван толгой түлш ХХК-тай хамтын ажиллагаагаа нягтруулан ажиллаж байна. Нийслэлийн зүгээс түлшний нөөцлөх, агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг хариуцан ажилладаг гэдгийг дахин сануулъя. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 95 мянган тонн түлш нөөцлөөд байна. Тээвэрлэлтийн хувьд 31 компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Есдүгээр сарын 15-наас борлуулалт эхлүүлэхээр үйлдвэрээс нөөцлөн түлшээ тээвэрлэнэ. Энэ жилийн хувьд 650 борлуулалтын цэг ажиллуулна. Өмнөх жилд гэрээний гүйцэтгэл нь зуун хувьтай, үүргээ амжилттай гүйцэтгэсэн 423 борлуулалтын цэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Харин 227 цэгийн борлуулагчийг шинээр сонгон шалгаруулсан гэсэн юм.

Хот тохижилтын газрын тухайд тээврийн хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангаж, засвар үйлчилгээг хийж дуусгажээ. Цас орж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 2000 тонн бодис, 886 тонн давсны нөөцөлсөн бөгөөд зам талбайн 270 үйлчлэгчийг дулаан хувцас, хөдөлмөрийн аюулгүй байдлын багаж хэрэгслээр хангахаар тооцож бэлтгэл хангасан байна. Тус газраас нийслэлийн хэмжээнд 33 байршилд тохижилтын ажил хийж байгаа бөгөөд тохижилтын ажлын гүйцэтгэл 70 хувьтай байгаа юм. Мөн Нийслэлийн Засаг даргын санаачилсны дагуу 34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай тохижуулж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment