8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭМЯ: Монгол Улс эрүүл мэндийн яаралтай тусламжийн баг байгуулж, гадаадад илгээх хэмжээнд бэлтгэнэ

2022-09-21 09:53:34

Эрүүл Мэндийн сайдын урилгаар ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн Яаралтай тусламж хариуцсан ахлах мэргэжилтэн Шон Касей, яаралтай тусламжийн ложистикийн асуудал хариуцсан мэргэжилтэн Жан Эрик Ларсен нар манай улсад ажиллаж байна.

Тэд өнөөдөр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл холбогдох мэргэжилтнүүдтэй уулзлаа.

Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 цар тахлын дараа яаралтай тусламжийн үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч байгаа бөгөөд үндэсний яаралтай тусламжийн багийг байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү багийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед Монгол Улсад төдийгүй гадаад улсад илгээх хэмжээнд бэлдэх юм.

ДЭМБ-ын яаралтай тусламжийн бүсийн сургалтын төвийг Монгол Улсад байгуулах хүсэлтийг тавиад байгаа бөгөөд ДЭМБ-ын зүгээс Монгол Улсын эмч нарыг  энхийг сахиулах цэргийн багт дэлхийн олон улсад амжилттай ажиллаж байгаа туршлага, цаашид сургагч багш нар болон ахих боломжтой, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, орон нутагт олон зуун километр хол газар очиж яаралтай тусламж үзүүлдэг чадавхтай зэрэгт үндэслэн НДББ-ийн мэргэжилтнүүдийг бэлтгэх төвийг байгуулах, монгол эмч нар сургагч багш болж сургалт хийх давуу талтай гэж үзэж байгаа.
 
Мөн Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгээр байгуулсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн орчин үеийн агуулахтай танилцсан  бөгөөд энэхүү агуулахад хадгалагдаж буй эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн хадгалалт нь ДЭМБ шаардлага хангаж байгааг тэд онцоллоо.

 

ДЭМБ болон Норвегийн яаралтай тусламжийн баг мэргэжилтнүүд Монгол Улсад ирээд байгаа бөгөөд яаралтай тусламжийн  эмч нарыг оролцуулсан гурван өдрийн сургалтыг хийх юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл