Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд таван ханатай гэр шатаж, 77 настай хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй галд өртөн нас баржээ.
Энэ тухай дуудлага мэдээлэл есдүгээр сарын 20-ны өдөр буюу өчигдөр ОБЕГ-т ирсэн бөгөөд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан байна. Мөн нас барсан иргэний цогцсыг дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Иймд иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг ОБЕГ хүргэж байна.
- Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх,
- Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх,
- Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх,
- Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх,
- Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх,
- Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,
- Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,
- Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх,
- Пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.