Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Батзандан, Г.Аюулгүй нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх аравдугаар сарын 7-ны өдөр хэлэлцжээ.
Улмаар өнөөдөр яллагдагч Ж.Батзандан, Г.Аюулгүй нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна
Ташрамд дурдахад, Ж.Батзандан өөрийн туслах асан Шинэ намын дэд дарга Г.Аюулгүйгээр дамжуулан Хөгжлийн банкны дамжин зээлдэгч буюу Капитал банкнаас хоёр компаниар дамжуулан 12.6 тэрбум төгрөгийн зээл аваад Капитал банкыг дампууруулахад нөлөөлжээ. Г.Аюулгүй нь Ж.Батзанданг УИХ-ын гишүүн болсноос 7 сарын дараа Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийн зээл авч, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхөөс 6 сарын өмнө компаниудаа дампууруулсан байна. Өдгөө энээ асуудлаар Капитал банкны захирал асан А.Ариунболд АТГ-т гомдол гаргаснаар уг хэргийг тус газар шалгаад хэдэн сарын нүүр үзэж Ж.Батзанданг сэжигтнээр татаж баривчилжээ.