8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Эрдэнэбаяр: Н.Бум-Эрдэнэ гэх залуу 180 удаа цусаа өгсөн

2016-04-14 11:11:00

Шинэ төв ашиглалтад орсноор бүтээгдэхүүн хадгалах талбай 3-4 дахин нэмэгдэнэ

Аливаа улс орон донорын тоог нэмэгдүүлэх, тэдгээрийн сайн үйлсийг олон нийтэд таниулан сурталчилах, ард түмний эрүүл мэндийн төлөө үйл ажиллагаагаа гол чиг зорилго болгож ажилладаг. Тийм ч учраас донорын үйл ажиллагаагаа түгээн дэлгэрүүлэх үүднээс манай улс төдийгүй олон улсад хуульчлан зааж өгсөн байдаг аж. Манай улсын цусны нөөц, хангамж, цус цусан бүтээгдэхүүнийг хадгалах технологи горим, донорын үнэ цэний талаар Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-Өнөөдөр танай төв хөл хөдөлгөөн ихтэй байна. Ямар байгууллага цус хандивлаж байна вэ. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Бололгүй яахав. Өнөөдөр манай төв дээр Бурханы сүмийн хамт олон сайн дураараа цусаа хандивлаж байна. Энэ байгууллага нийгмийн хариуцлагаа ухамсарлан манай төвтэй хамтарч  ажилладаг. Энэ жил 9 дэх удаагаа цус хандивлаж байна. Энэ тоо нэг байгууллагын хувьд өндөр үзүүлэлт. Энэ үзүүлэлтийн ард манай төвийн тогтмол донорын тоо нэмэгдэж байна гэж ойлгож болно. Нэг үгээр хэлбэл, жилд 1-2 удаа цус өгдөг донорын тоо өссөн. Донорын талаар үнэн зөв, тодорхой мэдээлэлтэй болж бусдад тэр хэрээр эерэг ойлголтыг түгээдэг. Энэхүү сүм 8 удаагийн давхардсан тоогоор 1016 донор цус бэлэглэсэн байна. Нэг хүнээс авсан 350-400 мл цус 3 хүний амь авардаг. Тиймээс маш олон хүний амь аврах боломжтой.
-Донороос авсан цусаар хэдэн төрлийн цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?

-Нэг донороос авсан 350-400 мл цусаар улаан эсийн, сивэнгийн, ялтаст гэсэн 3 төрлийн цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эдгээр эсийн цусан бүтээгдэхүүн тус бүрийн онцлогтой. Жишээлбэл, улаан эсийн цусан бүтээгдэхүүн нь хүний цусанд шаардлагатай улаан эсийг нөхдөг гэж хэлж болно. Хүний биеийн хийн солилцоонд шаардлагатай хүчилтөрөгчийг орлодог. Мөн улаан эсийн тоо цөөрөх буюу цус багадах үед голдуу хэрэглэдэг. Сивэнгийн эс нь цусны үндсэн уураг, эрдэс бодис, макро, микро элементүүдийг агуулдаг. Энэ эсийг архаг хууч өвчин, хавдарын үе шатад түгээмэл хэрэглэдэг. Ялтаст эсийг бүтээгдэхүүн цусны бүлэгнэлийг зогсоох үйлчилгээ үзүүлдэг. Нэг үгээр хэлбэл, хүн осол аваарт ороод цус алдах, гоожих тохиолдолд бүлэгнэлийг нь зогсооно. Мөн төрөлхийн болон олдмол гаралтай ялтаст эсийн тоо цөөрсөн өвчтэй хүнд хэрэглэдэг. Тухайн хүний цус гоожилтыг түргэн хугацаанд зогсоох өндөр ач холбогдолтой. Энэ нь маш энгийн хүнд ойлгодохоор түгээмэл жишээ нь дээр ярьж байна. Анагаахын шинжлэх ухааны мэргэжлийн хэл яриагаар бол маш олон төрлийн өвчин эмгэгийн үед энэ гурван цус болон цусан бүтээгдэхүүнийг хэрэглэж болно.

Сүүлийн таван жилийн хугацааг хамруулсан судалгаа хийсэн байдаг. Төвийн хэмжээнд буюу Улаанбаатар хотод судалгаа явуулахад 2012 онд 14.800 гаруй донороос цусаа өгч байсан бол 2015 онд 23.400 донор цус өгсөн гэсэн статистик тоо гарсан. Үүнийг хувиар авч үзвэл өндөр үзүүлэлт.

-Манай улсад тогтмол донор хэд байдаг вэ. Сүүлийн үед сайн дурын донорын тоо цөөрсөн гэж ярих болсон?

-Би үүнтэй санал нийлддэггүй. Харин ч эсрэг байр суурьтай байна. Сүүлийн арав гаруй жил тогтмол донорын тоо нэмэгдэж ирсэн. Ер нь бол тогтмол өсөлттэй байгаа гэхэд хилсдэхгүй. Манай Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төв 1963 онд Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр анх байгуулагдаж байсан. Түүнээс хойш өнөөдрийгхүртэл 50 гаруй жил үйл ажиллагаагаа тогтмол тасралтгүй явуулж ирсэн. Энэ хугацаанд донорын тоо буурсан зүйл байхгүй. Сүүлийн таван жилийн хугацааг хамруулсан судалгаа хийсэн байдаг. Төвийн хэмжээнд буюу Улаанбаатар хотод судалгаа явуулахад 2012 онд 14.800 гаруй донороос цусаа өгч байсан бол 2015 онд 23.400 донор цус өгсөн гэсэн статистик тоо гарсан. Үүнийг хувиар авч үзвэл өндөр үзүүлэлт. Харин улсын хэмжээнд 30.800 донор цус өгсөн. Эдгээр тоог хувилахад улсын хэмжээнд 1 хувьд хүрсэн байдаг юм. Өмнөх жилүүдэд 0.7-08хувьтай гэсэн үзүүлэлттэй байсан. Улаанбаатар хотын хэмжээнд 1 хувьд хүрсэн нь мянган хүн тутмын 15 нь цусаа өгдөг, тогтмол донор. Энэ нь олон улсын хэмжээ, жишигт хүрсэн үзүүлэлт. Манай улсын нийгэм, улстөр, эдийн засгийн өнөөдрийннөхцөл байдал ийм байгаа цаг үеэд хангалттай тоо, үзүүлэлт гэсэн сайн мэдээг дуулгамаар байна.

-Тэгвэл цусны нөөц хангалттай байгаа гэж ойлгож болох уу. Ер нь нөөц хэр байна вэ?

-Цусны нөөцийн талаар ярихад ямар нэгэн механик тоо дурдах нь учир дутагдалтай. Учир нь цусны нөөцийг бүрдүүлэхэд механик тооноос гадна тогтвортой судалгаа шинжилгээний үндсэн дээр ярих ёстой. Тухайлбал, ирэх жилүүдэд хэр хэмжээ цус, цусан бүтээгдэхүүн шаардлагатай болохыг тооцож үзэх шаардлагатай. Авсан цусаа шинжилгээнд явуулж цусаар дамжих халдвар байгаа эсэхийг шинжилдэг. Ингэсний дараа дээр дурдсан гурван төрлийн  эсийг гаргаж авна. Өнгөрсөн онд Баянгол дүүрэгт шинэ цус цуглуулах төв байгуулсан. Удахгүй Баянзүрх дүүрэгт төв байгуулахаар ажиллаж байна. Цус цуглуулах төв дүүрэгт баригдсанаар донорт хүрч үйлчлэх, цаг завыг хэмнэх боломжтой болно. Боломж бололцоо нь бүрдэж төсөв, санхүүг нь шийдээд өгчихвөл Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт цус цуглуулах төв байгуулахаар төлөвлөсөн.  Өнөөдрийн байдлаар хоёр цус цуглуулах төвөөр өдөрт дунджаар 90-100 донор тогтмол үйлчилдэг. Нэг хүнээс 350-400 мл цус авдаг. Нөөц боломжийн хэмжээнд байгаа.

-Эмнэлгүүдээс хэр захиалга ирдэг вэ. Хамгийн их цус захиалдаг ямар эмнэлэг байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэж байгаа цус, цусан бүтээгдэхүүнийг 100 хувь гэж үзвэл 70 хувь нь манай төвөөс гардаг. Үлдсэн 30 хувь нь аймгаар дамжиж захиалагч нарт хүрдэг. Улсын нэгдүгээр төв эмнэлэг хамгийн их цус захиалдаг. Дараа нь ЭХЭМҮТ, ГГСҮТ ордог. Сүүлийн жилүүдэд цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ өсч байна. Үүнд хэд хэдэн гол хүчин зүйл нөлөөлж байгаа. Нэгдүгээрт цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай архаг хууч өвчин нэмэгдэж байна. Ялангуяа зүрх судас, хавдар, осол гэмтэл эхний гурван байрт ордог. Мөн төрөлтийн тоо нэмэгдсэнээр цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэх нь ихэсч байна. Учир нь  төрөлтийн хүндрэл,  түүнээс үүдэн цус алдах тохиолдолнэмэгддэг. Сүүлийн жилүүдэд манай анагаах ухаан сайжирч элэг, чөмөг шилжүүлэн суулгах мэс засал өссөн нь цус цусан бүтээгдэхүүн нэмэгдэх хандлага их болсон.

-Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд өвчлөл залуужиж байна гэсэн яриа гарах болсон. Ялангуяа цус багадалт. Ер нь цус багадалтай хүн донор болж болох уу?

-Өөрийгөө эрүүл гэж бодсон 17-60 насны хүмүүс цусны донор болох боломжтой. Донороос түр болон бүр хасагдах тохиолдол гэж байдаг.  Бүр хасагдах шалтгаан нь төрөл бүрийн архаг хууч өвчин, гепатитийн В, С вирусээр өвдөж байсан, бэлгийн замын болон янз бүрийн  халдварт өвчин халдах эрсдэлтэй зэрэг олон шалтгааны улмаас хасагддаг. Цус багадалт, эм уусан тохиолдол, шүд авахуулах зэрэг мэс ажилбар хийлгэсэн зэрэг ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн байдал нь тэнцэхгүй тохиолдолд нь түр хасагдах гэж ярьдаг. Цус багадалтын үед эмчилгээ хийлгээд биеийн байдал хэвийн болсон тохиолдолд донор болж болно.  Эдгээр бүр болон түр хасагдсан хүмүүс өөрсдөө цусаа өгөхгүй ч донорын үйл ажиллагааг суртачилах, олон нийтэд таниулах, найз нөхөд, хамаатан садандаа зөв мэдээлэл өгөх нь цус өгснөөс илүү сайн үйл хэрэг болдог.

Бүр болон түр хасагдсан хүмүүс өөрсдөө цусаа өгөхгүй ч донорын үйл ажиллагааг суртачилах, олон нийтэд таниулах, найз нөхөд, хамаатан садандаа зөв мэдээлэл өгөх нь цус өгснөөс илүү сайн үйл хэрэг болдог.

-Цусны бүлэг донор болоход хамаарах уу. Бидний мэддэг цусны 4 бүлэг байдаг. Гэтэл нарийн авч үзэл 8 бүлэг байдаг гэж сонссон юм байна?

-Цусны бүлэг өөрөө их нарийн ойлголт л доо. Иргэдийн дунд үндсэн 4 цусны бүлэг байдаг.  1, 2, 3, 4 бүлгээс гадна Реззус /+, -/ бүлэг гэж байдаг. Энэ нь үндсэн 4 бүлэг нэмэх /+/, хасах /-/  гэж ангилдаг. 1 бүлгийн цустай хүнд 1- эсвэл 1+ бүлгийн цус л хийнэ. Нэг үгээр хэлбэл, тухайн бүлгийн цустай хүнд тэр бүлгийн цус л таарна. Дээхэн үед 1 бүлгийн цус бүх хүнд таарна гэдэг ойлголттой байсан. Энэ буруу ойлголт. Зайлшгүй, шаардлагатай тохиолдолд  хоёр, гурав дахь хувилбар гэдэг утгаар нь ийм сонголт хийж болно. Ер нь хүн амын цусны бүлгийн тархалтыг авч үзэхэд 37-38 хувь нь 1, 23 хувь нь 2, 7-8 хувь нь 4, үлдсэн нь 3 бүлгийн цустай гэж гарсан байдаг. Донор болох хүнд хэд хэдэн анхаарах зүйл бий. Маш сайн унтаж амарсан байх, өөх тосгүй, хүнд хэлбэрийн хоол идэхгүй байх, цус өгөхийн өмнө шингэн зүйл сайн ууж хэрэглэх, спиртийн төрлийн ундааг 72 цагийн дотор хэрэглээгүй байхыг анхаарах ёстой. Мэдээж цусаа өгсөний дараа  хүнд ажил хийхгүй, шингэн зүйл ердийн үеийнхээс илүү хэрэглэх, ямар нэгэн байдлаар бие эвгүйрэх тохиолдолд манай төвд хандах боломжтой.

-Иргэдийг тогтмол донор болгохын тулдямар арга хэмжээ авбал зүйтэй бэ?

-Иргэд донорын талаар тодорхой ойлголттой хэрнээ чухал мэдлэг, мэдээлэл хомс байгаа юм шиг санагддаг. Өнгөрсөн жил манай төв Азийн хөгжлийн банктай хамтран иргэдийн дунд  донорын талаар хэр мэдлэг, мэдээлэлтэй эсэхийг судалж үзэхэд ерөнхий ойлголт сайн хэрнээ энэ талын мэдлэг муутай гэсэн үр дүн гарсан. Тиймээс цаашид энэ төрлийн мэдлэгийг ард иргэдэд хэрхэн тогтмол, зөв хүргэх вэ гэсэн асуулт урган гарч ирсэн. Ер нь донор элсүүлэх сургалт судалгааны ажлыг Донорын тухай хуульд нарийн тусгаж өгөөгүй.  Яаж шийдэхийг хараахан заагаагүй. Тиймээс төсвийн байгууллагын хувьд  энэ төрлийн үйл ажиллагаанд шийдвэр гаргах шатны хүн байгаасаа гэж боддог. Жил бүр сургалт, судалгааны ажилд төсөв олгодог ч хараахан бүрэн дүүрэн болж өгөхгүй байгаа. Энэ нь эргээд ард иргэдийн дунд буруу мэдээлэл өгөх, донорт элсэх нь бага байдаг юм шиг санагддаг. Ийм эрсдэлтэй талууд бий. Үүнд шийдвэр гаргагчид буюу албан тушаалтан анхаарч өгвөл бид дээр дурдсан донорыг тоог маш богино хугацаанд илүү их болгох бүрэн боломжтой.

-Энэ онд ЦССҮТ-ийн шинэ байр ашиглалтад орно. Тэгэхээр цус болон цусан бүтээгдэхүүн хадгалах нөхцөл боломж сайжирах боломжтой болох байх. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг хадгалах горим, журам ямар байдаг юм бэ?

-Төвийн шинэ байр энэ онд ашиглалтад орно. Үүнийг дагаад ганц манай төвөөс гадна 21 аймаг, алслагдсан хоёр дүүргийн нийт 21 салбар техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийнэ. Цус болон цусан бүтээгдэхүүнийг хадгалах талбай, горим, нөхцөл байдал, хугацаа 3-4 дахин нэмэгдэнэ. Ингэснээр богино хугацаанд хадгалдаг ялтаст эсийн бүтээгдэхүүний нөөц үүсгэх боломж бий болно. Ялтаст эсийн бүтээгдэхүүнийг 3-5 хоног хадгалдаг.Улаан эсийг 21-45 хоног, сивэнгийн бүтээгдэхүүнийг хадгалах температураасаа шалтгаалаад гурван сараас нэг жилийн хугацаанд хадгалах боломжтой.

- Энэ жилийн 1 сарын 1-нээс цусны донорын үнэ цэнийг ойлгуулах, нийгэмд таниулах зорилгоор урамшууллын систем нэвтрүүлсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Манай улс донорын тухай хуультай орон. Олон улсын жишигтэй хөл нийлэн ахлаж яваагын хувьд эдгээр хүмүүсийг урамшуулах, дэмжлэг үзүүлэх тухай тодорхой тусгаж өгсөн байдаг. Донорын тухай хуульд зааснаар 35 дээш удаа цусаа өгсөн тохиолдолд хүндэт донор болгож улсын магадлан итгэмжлэгдсэн амралт, сувилалд нэг удаа амраадаг. Эрүүл мэнд, спортын сайдын  тушаалаар донор өвдсөн тохиолдолд 2, 3 шатлалын эмнэлгүүдэд оочер дараалалгүй үзүүлэх боломжтой. Манай төвөөс санаачлан энэ оны 1 сарын 1-нээс 70-аас дээш удаа цус өгсөн хүнд хүрэл, 100 түүнээс дээш бол мөнгөн, 150 ба түүнээс дээш өгсөн тохиодолд алтан донор гэсэн өргөмжлөлийг олгож эхэлсэн. Улсын хэмжээнд хамгийн олон цус өгсөн хүн 180 удаа цусаа өгсөн н.Бум-Эрдэнэ гэдэг 40 настай залуу бий. Монголд хамгийн олон улаа цус өгсөн хүн. Эрэгтэй хүн жилд 6, эмэгтэй нь 4 удаа өгөх боломжтой байдаг.

-Зуны улирал цусны нөөц нэлээд багасдаг гэсэн. Энэ нь иргэд амралт, зугаалганд явж, орон нутгийг зорихтой холбоотой юу?

-Цус өгөх, донор ихэвчлэн оюутан залуус байдаг. Тиймээс 7-8 сардцусны нөөц багасах тохиолдол гардаг,иргэдийн амралт зугаалгатай ч шууд холбоотой. Гэхдээ нөөц хомсдохгүй.Энэ үед тогтмол доноруудад хандаж цусны нөөцөө хангадаг. Түүнчлэн байгууллагуудаар явж сургалт, мэдээлэл түгээж донор элсүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлдэг.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
tsusaa uguh ni yaahb tani tsus yag emchin helsen shig erul baih estoi shuudee hehe
2016/04/14 103.17.108.42
Аз
Хэрэгтэй мэдээлэл агуулсан сайн ярилцлага байна
2016/04/14 103.17.108.42
tsusaa ogtsgooy
2016/04/14 103.17.108.42
хэрэгтэй ярилцлага байна
2016/04/14 103.17.108.42