Сүүлийн хэдэн өдөр Улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоо эрс нэмэгдэж ХӨСҮТ бүхэлдээ энэ өвнөөр өвдсөн иргэдийг хүлээж авч байгаа аж. Өнгөрсөн оны гуравдугаар сарын эхээр бүртгэгдэж эхэлсэн Улаанбурхан өвчнөөр өвчилсөн иргэдийн тоо сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж 2014 оноос хойш 30 мянга, энэ он гарсаар өнөөдрийн байдлаар 3000 хүн өвчилсөн гэх судалгаа гарсан байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 400 гаруй хүн хэвтэж эмчлүүлж байгаагийн дийлэнх хувь нь бага насны хүүхэд аж. Гэтэл өнгөрсөн баасан гаригт буюу өчигдөр Улаанбурхан өвчнөөр хүүхэд эндсэн гэх мэдээлэл цахим ертөнцөөр тарж, тэр даруйдаа олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагын анхааралд хүрсэн юм. Гэтэл төд удалгүй ХӨСҮТ-ийн Шуурхай удирдлагийн төвийн дарга н.Нарангэрэл энэ сарын 11-14-ний өдрүүдэд Улаанбурхан өвчнөөр нэг ч хүүхэд эндээгүй гэсэн мэдэгдэл хийсэн нь олон нийтийн дургүйцлийг нэлээд хүргэсэн юм. Үүнийг дагуу манай сурвалжлах бага ХӨСҮТ-ыг зорьж газар дээр нөхцөл байдал ямар байгааг сурвалжилснаа хүргэж байна.
0-9 сартай хүүхдүүд Улаанбурхан өвчнөөр түлхүү өвчилж байна
ХӨСҮТ-ийн ойр орчимд нярай хүүхэд тэвэрсэн эцэг, эх, тортой хувцас, халуун савтай хоол, цай зөөсөн хүмүүс хаа сайгүй. Зарим нь машиндаа хоол, цайгаа, идэж ууж харагдав. Манай сурвалжлах багийг Хүлээн авах дээр очиход үзүүлэх гэсэн иргэдийн урт дараалал үүссэн байлаа. Салхинцэцэг, Улаанбурхан, Гахайн хавдар гэх хаягтай хаалга бүгд иргэдийн хөлд дарагдсан байв. Нярай хүүхдээ тэвэрсэн эцэг, эх, нааш цааш холих нь нэг л сэтгэлд хүндүүр. Учир нь ХӨСҮТ-д Улаанбурхан өвчнөөр өвчилсөн иргэдийн дийлэнх хувийг нярай буюу 0-9 сартай хүүхдүүд бөгөөд дийлэнх нь хүндэрсэн гэсэн хариу сонсчээ. Зарим нь гэрээр эмчилгээ хийлгэх шаардлагатай, хэрэглэгдэх эм тариа, зөвлөгөө өгөөд явуулах нь цөөнгүй байв. Нэрээ хэлэхийг хүсээгүй хүлээн авахын сувилагч “Өдөрт маш олон хүүхэд Улаанбурхан өвчний шинж тэмдэгтэй манайд ирж байна. Сүүлийн нэг 7 хоногийн дотор хүндэрсэн тохиолдол ихэссэн. Ирсэн хүүхэд бүрийг үзлэгт хамруулж, шинжилгээ хийж хүнд, хөнгөн гэж ангилж эмчилгээний тасаг руу шилжүүлж байна” гэв. Бидний ийнхүү яриад зогсож байтал Төв аймгийн Баянхангай сумаас 3 сартай ач охиноо авч ирсэн
М.Норовсүрэн гуай хэвтэхээр болж байна гэсээр гарч ирэв. Учрыг торуулахад, тэрбээр “Ач охин минь халуурч, нүүр, гар дээр нь улаан юм туурч өнгөрсөн нэгдэх өдөр хотод ирсэн. Сумандаа байхдаа хэд хэдэн дараалан дуудлага өгөхөд дуудлагын эмч даралтын аппаратнаас өөр юу ч үгүй ирж үзсэнээ ханиад ирчихсэн байна гэсэн. Хөдөө мал дээр байдаг бид нарт ямар эм, тариа байх билээ. Ядаж халуун буулгах эм өгөөд яваач гэхэд надад байхгүй гээд яваад өгсөн. Энэмэтчилэн удаа дараалан дуудлага өгөхөд нөгөө л хариултаа хэлсээр цаг алдаж ач охин минь Улаанбурхан тусаад хүндэрчихээд байна. Сая эмчид үзүүлсэн Улаанбурхан хүндэрсэн байна гээд хэвтэхээр боллоо. Тавдугаар тасаг руу орж хэвтэхээр болж байна” хэмээн сэтгэлдээ хуваалцсан юм.
Нэг өрөөнд 3-4 хүүхэд хэвтэж байна
Хүндэрсэн хүүхдүүдийн биеийн байдал ямар байгааг мэдэхээр тавдугаар тасаг руу очлоо. Эргэлтийн хуваарь бичсэн цагаан хаалганы цаана бяцхан үрсийн уйлах, аргаа барсан эцэг, эх хэн нэгнээ тусламж хүсч утас цохихийг хараад өр өмрөх шиг л болов. Энэ тасагт Улаанбурхан хүндэрсэн нэлээд олон хүүхэд байгаа нь илт байлаа. Тодорхой тоо баримтгүй хэлж чадахгүй байгаагийн учир нь хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх боломжгүй гэсэн эзэнгүй бөгөөд цааргалсан хариулт сонссон юм. Удалгүй хүүгээ тэвэрсэн ээж эмнэлгээс гарах боллоо гэсэн яриа сонсч түүн дээр очлоо.
Сонгинхайрхан дүүргийн иргэн Н.Отгоныг тосч очоод ярилцахад, тэрбээр “Найман хоног хүүтэйгээ хэвтээд эмнэлгээс гарч байна. Улаанбурханаар өвчилсөн хүүхэд маш их байна. Нэг өрөөнд 3-4 хүүхэд хэвтэж байна. Сүүлийн хэдэн өдөр хүүхдийн тоо нэмэгдэж нэг орон дээр 2 заримаа 3 хүүхэд хэвтэх боллоо. Орны хүрэлцээ муу. Өвчнийхөө хүнд хөнгөнөөс шалтгаалж байна. Эрчимт эмчилгээтэй 7-р тасагт хүүхэд хэвтэх оргүй, сандал дээр хэвтүүлж байна гэж эмч нар ярих юм” гэв.
Нэг өдөр гурван хүүхэд нас барсан
Ийм яриа сонссон сэтгүүлч миний бие Улаанбурхан өвчнөөр шаналж байгаа тэр олон хүүхэд, тэдний эцэг эхийн сэтгэлийн шанлалыг чаддагсан бол бага ч гэсэн нимгэлж өгөх юмсан гэсэн бодолтойгоор 7-р тасаг руу очлоо. Яарч сандарсан хүн орж гарах болгонд хахир дугарах тэр бор хаалга бол 7-р тасгийн эргэлтийн хаалга. Энэ хаалгын хахир дууг зарим эцэг, эх зүхэж байгаа нь илт байв. Учир нь хүүхэд хүндэрч Сэхээн амьдруулах тасаг руу шилжлээ гэх тоолонд дугардаг болохоор тэр. Арга ч үгүй биздээ айл гэрт аз жаргал авч ирэхээр заяасан бяцхан үрс үхэлтэй нүүр тулж, зарим нь эцэг эхийнхээ гар дээр амь тавьж байгааг хэлэх хүн энд олон байлаа.
Тэдний нэг бол Баянзүрх дүүргийн иргэн Т.Ганзориг юм. “Эрчимт эмчилгээний тасагт ой хүрээгүй маш олон хүүхэд хэвтэж байна. Манай хүүхэд 8 сартай, эмнэлгээр яваад 20 гаруй хонлоо. Дүүргийнхээ эмнэлэгт үзүүлэхэд гайгүй, зүгээр байна гэсээр хүндрүүлчихсэн. Одоо эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж байна. Хоол унд идэж чадахгүй болохоор дархлаа суларсан. Тиймээс амин уураг нөхдөг V.L-Globol гэдэг эмийг яаралтай хэрэглэх шаардлагатай гэсэн. Энэ эм нь манайд ховор байдаг. Гаднаас ирсэн ч цөөн болохоор хүрэлцдэггүй юм байна лээ. Харсаар байж хүүхдээ үхүүлэхгүй юм гэсэн дээ таньж мэддэг хүнээр дамжуулан 1 ширхэгийг авсан. 180,000 төгрөгийн үнэтэй. Манай хүүхэд нэг өнжөөд гурван удаа хийх шаардлагатай гэсэн. Тэгэхгүй бол юу юугүй зүрх нь зогсох гээд байгаа. 3 хоногийн өмнө энэ тасагт хэвтэж байсан гурван хүүхэд нэг өдөр эндсэн. Нэг өдөр гурван хүүхэд нас барж байна. Харахад ч нүд хальтрам. Сэхээн амьдруулах тасагт байгаа хүүхдүүдийн эцэг, эх доор нэг давхарт байрлаж байгаа. Бид тэнд очихоос ч сэтгэл өвддөг” хэмээн учирласан юм.
Цаасан хайрцаг нь дээр унтах юу ч биш
Сэхээн амьдруулах тасагт байгаа хүүхдүүдийн эцэг, эхтэй уулзаж газар дээр нөхцөл байдал ямар байгааг асуухаар очиход “Үхтэл үр харам” гэж горьдлого тээж, арга ядсандаа хөшөөнд сүү өргөх, нярай хүүхдийнхээ шинэ хувцас, мөөмөө гаргаад “Миний хүү ээж, аавдаа босоод ир” гэж “Даллах” нэгэн ч байсан юм. Жижиг умгар өрөөнд гутал, хувцас хөглөрсөн, босч, сууж аяга цай уух эдгээр арав гаруй хүн сэхээн амьдруулах тасагт байгаа хүүхдүүдийн эцэг, эх. Иймэрхүү байдалтай тэд хамгийн багадаа 5 хоног, нэг сар болох гэж байгаа эцэг, эх ч байсан юм. Тэд нэг эвхдэг ортой. Ээлжлэн унтдаг бөгөөд зарим аав шалан дээр цаасан хайрцаг дэвсэж нүднийхээ хор гаргаж байна гэж ярьж байсан юм. Хүүхэд минь л эдгэж байвал цаасан хайрцаг дээр унтах юу ч биш гэх хүн олон байв. Энд байрлаж байгаа хүмүүсийн дийлэнх нь орон нутгаас иржээ.
М.Эрдэнэцэцэг: Охин минь нүдэн дээр минь амьж тавьж байхад юу ч хийж чадаагүй
Тэдний нэг бол энэ сарын 3-ны өдөр охиноо алдсан М.Эрдэнэцэцэг юм. Түүнтэй цөөн хором ярилцсан юм.
-Хүүхэд нь хэдэн сартай байсан вэ?
-Гурван сартай охин байсан.
-Анх ямар шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан вэ?
-Хоёр сартайгынхаа вакцин хийлгэчихээд хэд хоногийн дараа ханиад хүрсэн юм. Тухайн үед эмнэлэгт үзүүлээд Баянгол дүүргийг хүүхдийн эмнэлэгт 5 хоног хэвтүүлсэн. Эмч нар нь ханиад нь гайгүй болсон гээд эмнэлгээс гарсан. Гэтэл нэг өдөр халуурч, нүүрэн дээр нь жижиг улаан зүйл гарсан. Тэгэхээр нь өрхийн эмнэлэгт үзүүлэхэд ханиаднаасаа болоод халуурч байна гэсэн. Нүүрэн дээр нь гарсан улаан зүйлийг харшил байна тос түрхчих гэсэн. Гэнэт тууралт өгч 39 хэм хүрч халуураад зогсохгүй болохоор дуудлага өгөхөд яаралтайгаар ХӨСҮТ-д хэвтүүлсэн. 4 хоногт тасагт байрлахад нэг давхарт бараг 50 хүүхэд байсан. Энэ хугацаанд тэр 50 хүүхдийн дунд нэг жижиг дөрвөлжин хүчилтөрөгчийн аппараттай байсан. Тэр аппарат нь хаанаа ч хүрэлцдэггүй. Энд байгаа бүх хүн иймэрхүү байдалтай л байна.
-Энэ сарын 4-ний өдөр эндсэн. Таталт өгөөд шууд Сэхээн амьдруулах тасаг руу шилжсэн. Тасагт ороод аппарат зүүсэн ч бие нь дийлээгүй. Арга ч үгүй шүү дээ гуравхан сартай нялх хүүхэд хэдэн өдөр хоол ундгүй, хүчтэй эм тариа хийлгэж, байнгын аппараттай байхаар бие нь даахгүй, таталт өгч байсан. Тухайн үед эмч нар хүүхдийн бие муудсан найдваргүй гэхэд гадна зогсоо би уйлахаас өөр юу ч хийж чадаагүй. Гуравхан сартай хүүхдээ нүдэн дээр минь амь тавьж байгааг хараад юу ч хий чадахгүй арга ядсан даа “Өмсүүлэхээр авсан байсан шинэ хувцас, хөхөө гаргаж ирээд “Миний охин босоод ир” гэж даллахаар өөр юу ч хийж чадаагүй. /Уйлав/. Зарим эцэг, эх үр энд байдаг хүүхдийн хөшөөнд сүү өргөж байсан. Бид хийж чадах ганц зүйл энэ л байсан.
-Улаанбурхан туссан гэдгийг эрт мэдээгүй юм уу?
-Мэдээгүй. Эмч нарын тайлбарлаж байгаараа эхний 9-30 хоногтоо өндөр халуурдаг нуугдмал шинж илэрдэг л гэсэн.
-Охиноо Сэхээн амьдруулах тасагт байхад та хамт байсан уу. Энэ тасагт байгаа хүүхдүүдийн эцэг, эхийг оруулж байгаа юу?
-Үгүй. Эцэг, эх нь гадаа эргэлтийн өрөөнд байсан. Эмч нар хүүхдийн биеийн байдлын талаар тогтмол мэдээлж байсан. Би 4 цагийн зайтай орж хүүхдээ хөхүүлдэг байлаа. Ер нь Сэхээн амьдруулах тасагт байгаа хүүхдүүдийн эцэг, эх бүгд адилхан.
-Эрчимт эмчилгээний тасгаас хүүхэд хүндэрч ирэхэд аппарат хүрэлцэхгүй зарим хүүхдийн аппаратыг тасалж нөгөө хүүхдэд нь залгаж байсан гэсэн. Энэ үнэн үү?
-Үнэн. Дээрээс хүүхэд хүндэрч ирэхэд өмнө нь байсан хүүхдийн аппаратыг шууд салгаж дараагийн хүүхдэд залгаж байсан. Энд байгаа эцэг, эх бүгд л хүүхдээ амьд үлдээх хүсэлтэй. Гэтэл аппарат, тоног төхөөрөмж нь хүрэлцэхгүй болохоор эцэг, эх өөрсдийгөө хий дэмий л зүхэж байсан хүн ч бий. Тэдний нэг нь би.
Ийнхүү уйлах, ярих хоёрын хооронд сэтгэлээ уудалсан энэ бүсгүй хүүхдээ алдсан эцэг, эхчүүдийн зөвхөн нэг.. Нэг гэж тодотгож байгаагийн учир нь хэд хэдэн хүүхэд эндэж орон нутгаас ирсэн зарим эцэг, эх харих замын зардалгүй хүний унаанд дайдагдаж явах хүн ч байлаа.
Зүүнхараагийн иргэн Ж.Сэлэнгээгээс дараах асуултад хариулт авлаа.
-Та энд ирээд хэд хонож байна вэ. Хүүхдийн тань биеийн байдал ямар байгаа вэ?
-Зүүнхараагаас ирээд арав гаруй хонож байна. Хүүхдийн биеийн байдал нэг үеэ бодвол одоо дээрдсэн гэхдээ Сэхээний тасагт байгаа. Байнгын аппарат зүүх шаардлагатай, амин, уураг, хүчилтөрөгч нөхдөг 180.000 төгрөгийн үнэтэй эм авч уулга гэсэн. Тэр нь манайд ховор гаднаас авдаг. Өчигдөр хэдэн ширхэг ирээд энд байгаа хүмүүс бүгд л нэг ширхгийг ч гэсэн авах юмсан гэж бодож, хайхаар олдохгүй. Таниж мэддэг хүнээрээ дамжуулж олж авахгүй бол олдохгүй байна лээ.
-Тэр эмийг уулгавал эдгэрнэ гэсэн юм уу?
-Яг бүрэн эдгэрнэ гэсэн үг биш л дээ. Энд байгаа хүүхдүүд ихэнх нь нярай хөхөөрөө хооллодог учраас хүчилтөрөгч нөхөх зориулалттай амин уураг л гэж сонссон. Олон хоног хүчтэй эм тариа хийлгэсэн болохоор хүүхдүүдийн бие маш их сульдаж, муудсан, зарим нь байнга таталт өгч нүүр, нүд, бие нь хөхөрч байна гэж эцэг эхчүүд ярьж байгаа.
-ЭМСЯ-наас өнөөдөр мэдэгдэл хийхдээ энэ сарын 11-14-ний өдрүүдэд нэг ч хүүхэд эндээгүй, аппарат хүрэлцээтэй байгаа гэсэн байна лээ. Үүнтэй санал нийлж байна уу. Бодит байдал ямар байна вэ?
-Худлаа, буруу мэдээлэл байна. Гэхдээ үүнд хэн нэгний буруутгах гэж хэлээгүй шүү. Гэхдээ энэ ХӨСҮТ монголд байгаа ганцхан төв. Гэтэл хангалттай хүрэлцээтэй гээд байгаа аппарат нэгд цөөхөн, хоёрд хуучирсан. Хүүхэд байхад Pentium 4 гэж саарал компьютер байсан даа тэр нь шиг. Тэгээд гуравхан ширхэг. Би гэж хэлэх гээд байна вэ гэхээр техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх цаг болсон байна гэж хэлмээр байна. Гуравхан сартай хүүхдээ нүдэн дээр минь амь тавьж байгааг хараад юу ч хий чадахгүй арга ядсан даа “Өмсүүлэхээр авсан байсан шинэ хувцас, хөхөө гаргаж ирээд “Миний охин босоод ир” гэж даллахаар өөр юу ч хийж чадаагүй. /Уйлав/. Зарим эцэг, эх үр энд байдаг хүүхдийн хөшөөнд сүү өргөж байсан. Бид хийж чадах ганц зүйл энэ л байсан.
ЭМСЯ нь сайдгүй, шийдвэр гаргах шатны албан хаагч, төрийн түшээд нь өөрсдийн ашиг сонирхолыг бодож улстөрийн тоглолт хийж суух зуур улс, эх орны чинь ирээдүй хойч үе болсон бяцхан үрм хорвоог орхиж, нэгэн өрх айлын гол харлаж байгааг мэдэх нь хэр олон байгаа бол гэсэн бодол төрж байсан юм. ХӨСҮТ дээр өнжисөн нулимастай нэг өдрийн сурвалжлагаа энд хүрээд өндөрлөе. Энэ талаар манай сурвалжлах баг дараа дахин сурвалжилж тухайн үеийн нөхцөл байдлыг уншигч та бүхэндээ хүргэх болно.
Сэхээнд байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүдийн байрлаж буй өрөө:
Д.Нэргүй