УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэв. Тэрбээр:
-Хоёр жилийн турш нүүрсний хулгайн асуудлыг ярьсан. Энэ асуудлыг эрх баригч намынхан бүгд мэдэж байсан. Өнөөдөр энэ асуудлыг гаргаж ирсэн нь нэгнийгээ намнах хэрэгсэл болгож байна. Манай намын хоёр гишүүнийг нүүрсний хулгайтай холбоод байгаа. Мөргөцөг хулгайлсан гээд байгаа. Бялуу хувааж байгаа юм шиг шууд дээрээс нь тас хуваачихдаг гэж бодоод байгаа юм уу. Үгүй шүү. Аль, аль тал руугаа мөргөцөг нурдаг. Үүнээсээ олборлоод явдаг. Тээврийн асуудал дээр манай гишүүнийг бас яриад байгаа.
А.Адьяасүрэн гишүүн нэг кг нүүрс жолооч нартай хамт хилээр гаргасан бол ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн байна.
Тиймээс эрх баригч нар гол асуудал шүү. Эрх баригчид нэгнийгээ намнаж байгаагийн жишээ нь Б.Баттөмөр гишүүн. Б.Баттөмөр гишүүн та өөрөө буруутай. Та яах гэж боомт хариуцсан сайд болно гэж нааш, цааш гүйсэн юм. Тэгэхээр таныг нүүрсний хулгайтай холбож мулталсан хэрэг. Та одоо юун боомт хариуцах. Бас П.Сэргэлэн генерал байна. Би төрийн сайн хүн гэж боддог. Дээрх хүмүүст нүүрстэй ойртвол ганц л зүйл байгаа нь бор нүүр л байна. Өөр юу ч байхгүй. Нүүрсний хэрэгт огт хамааралгүй гэж бодож байна.
Гишүүдийн нэр хүндэд халддаг, албан тушаалаас мулталдаг, дараа дараагийн тойргоо суллалдаг зүйлээ одоо болиорой. 2024 оны сонгууль дөхөж байна. Нүүрсний хулгайн ард сонгуульд нэр дэвших сонирхолтой хүмүүс байх шиг байна.