8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн материалыг хүлээн авч эхэлжээ

2022-12-27 13:50:00

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж эхэлжээ. 

Тодруулбал, УИХ-ын 2022 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар шийдвэрлэж, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх хугацааг 2022 оны арванхоёрдугаар сарын 23-30-ны өдрөөр товлон тогтоосон юм. 

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зөвлөлдөх санал асуулгыг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх бүрэлдэхүүн бүхий Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулна”, мөн зүйлийн 8.2-т “Шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна” гэж тус тус заасны дагуу Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага:

  • Тухайн асуудлаар мэргэшсэн,
  • хараат бус,
  • мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн
  • Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөлөл байх. 

Дээрх шаардлагыг хангасан эрдэмтэн, судлаачийг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас, хувийн хэвшлийн төлөөллийг мэргэжлийн холбооноос, иргэнийг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас, эсхүл өөрөө нэр дэвшүүлэн санал болгож болно.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Нэр дэвшүүлж байгаа тухай тодорхойлолт

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн материалыг 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос мэдээллээ. 

Нэмж мэдээлэхэд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй” гэж заажээ.

Хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай, Төрийн ордон 401  (Лавлах утас: 51- 260280, 51-265606)

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment