8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Сандаг-Очир: Хөдөлмөрийн талбар дээрх тариаланчид, туслах малчид урамшууллаа авч чаддаггүй

2022-12-28 14:24:00

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир малчид, тариаланчдын урамшууллыг хугацаанд нь олгодоггүй талаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байж үйлчилгээгээ авдаг. Мөнгө нь орсон байх ёстой. Гэтэл төрөөс олгодог урамшуулал он дамжиж ордог. Дараа оныхоо дөрөв, таван сараас нааш авдаггүй. Үйлчилгээгээ авах гэхээр дансанд нь мөнгө ороогүй байдаг. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ? 2022 оны ноос, ноолуурын урамшууллаа дараа онд нь авахаар энэ онд яаж үйлчилгээгээ авах юм бэ?

Нөгөө талаар малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт дунджаар 20 хувьтай байна гэж байгаа. Мянгат малчид доороо малчин авч хөлсөөр ажиллуулдаг. Урамшууллыг нь толгой малчид нь авдаг. Хөдөлмөрийн талбар дээрх тариаланчид, туслах малчид урамшууллаа авч чадахгүй байна. Тэгэхээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт хийгдэхгүй, үйлчилгээ авч чадахгүй байгаа. Мянгат малчид бол хөдөө биш төвд амьдарч байна. Мал дээр нь амьдарч байгаа малчид нь энэхүү хуульд хамрагдаж чадахгүй юм байна.

Нэг малчин өрх төрөөс олгох урамшууллыг бүгдгийг нь авдаггүй. Сүүний эсвэл арьс ширний урамшуулал авна. Дунджаар арьс ширний урамшуулал нь арай дөхүү үнэтэй байдаг. Доод тал нь 100 орчим мянган төгрөг, дээд тал нь нэг сая гаруй төгрөг аваад байх шиг байдаг. Сүүний тухайд нэг литр тутамдаа 500 төгрөгийн урамшуулал гэхээр бага.

Хамгийн гол нь эрүүл мэндийн үйлчилгээ шүү дээ" гэлээ.  

Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан "Төсөв дээр тусгагдсан урамшуулал тухайн жилдээ олгогдоод явахад урьдчилсан байдлаарх төлөлт харагдана. Хөдөлмөрийн тухай хууль чамбай хууль болсон. Уг хуульд туслах малчид бага цалин авч, гэрээгүйгээр ажилладаг байдлыг зохицуулж өгсөн. Хууль санаачлах үед эдгээр хүнийг судлахад 10 хувьд багтахаар байсан. Туслах малчдын хөдөлмөрийн хөлс, гэрээтэй холбоотой асуудалд орох заалт байна уу үгүй юу гэдгийг судална" гэсэн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл