БНХАУ сүүлийн гурван жилийн турш хаалттай байсан хилээ нээж, гадаадад зорчих иргэдийн тоо эрс нэмэгдсэн тул улс орнууд халдварын эрсдэл өндөртэй Хятадаас жуулчин хүлээн авах тусгай журам боловсруулж, хорио цээрийн шаардлагуудаа чангатгасан. Тэгвэл БНХАУ-ын Засгийн газар тэдгээр улсуудыг эрс шүүмжлэн, АНУ, Европын орнуудын эсрэг хариу арга хэмжээ авна хэмээн анхаарууллаа.
Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин "Хятадын жуулчдад тавьж буй хязгаарлалт нь шинжлэх ухааны үндэслэлгүй, хэтийдсэн арга хэмжээ гэж үзэж байна. Коронавирусийг улс төрийн зорилгоор ашиглах оролдлого хийж байгааг бид шийдэмгий эсэргүүцэхийн дээр хариу арга хэмжээ авна" хэмээн мэдэгджээ.
Цар тахлын хязгаарлалт дэглэмээ сулруулсны дараа тус улсад халдвар эрс нэмэгдсэн ч Бээжин албан ёсны тоон мэдээллээ танилцуулахгүй байгаа. Хятадаас ирэх зорчигчдоос заавал коронавирусийн шинжилгээ шаардаж буй орнуудын тоонд АНУ, Их Британи, Энэтхэг, Япон зэрэг дэлхийн 10 гаруй орон багтаж байна.