8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ: Үндсэн хуульд хэн дуртай нь гарах хүрэх ёсгүй

2023-01-05 13:52:00

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, АН-ын Үндэсний бодлогын хорооны дарга Д.Ганбат нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний бодлогын хорооны дарга Д.Ганбат “Эрх баригчдын дунд Үндсэн хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлж баталдаг, хуулийг багцалж худалддаг хууль бус асуудал байна. Энэ нь УИХ-ыг УИХ биш, Засгийн газрыг Засгийн газар биш болгож, төрийн үйл хэргийг гажуудуулж байна. Тийм учраас энэ хууль бус тогтолцооны эсрэг тэмцэж, АН шударга ёсыг тогтоох ёстой” гэсэн байр суурь илэрхийллээ. 

Харин Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Төрийн хэмжээний томоохон хууль бус үйлдлүүд гараад ирэхээр зохиомол сенсаци бий болгож, нийгмийн олонхийн анхаарлыг сулруулах арга тактикыг чадамгай ашиглаж байна. Хамгийн сүүлийн үеийн жишээ бол нүүрсний хулгайн асуудал. Монгол Улс хил, гаальтай. Хил гаалиар гарч буй ачаа тээвэр бүрэн бүртгэлтэй байх ёстой. Тэгвэл энэ их хэмжээний нүүрсийг бүртгэлгүйгээр гаргасан эрх мэдэлтнүүдийг олж тогтоон, хариуцлага хүлээлгэх ёстой. Энэ асуудалд нам харгалзахгүйгээр шалгах ёстой гэж АН үзэж байна” гэв. 

Мөн үеэр тэрээр "Бүх нийтээс санал асуулга авсан мэтээр худал хэлж, Үндсэн хуульд хулгайн аргаар гар хүрсэн. Хуйвалдааныхаа үр дүнд өөрсдийн эрх ашгийг хангах УИХ-ын тухай хуулийн 31.12 дахь заалтыг эрх баригчдын дэмжлэгтэйгээр батлуулсан. Гэхдээ энэ асуудлыг ҮХЦ-д гомдол гаргах замаар Цэц маргаан үүсгээд шалгаж байна. Хууль зөрчсөн эсэх нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээс хамаарч гарна. Үндсэн хуульд хэн дуртай нь гарах хүрэх ёсгүй" гэсэн байр суурийг илэрхийллээ. Нөгөө талаас дан ганц Нүүрсний хулгайн асуудал гэлтгүй Хөгжлийн банк, Эрдэнэтийн тухай асуудлыг ч шалгах ёстой гэж АН үзэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл