8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар хотын Ерөнхий менежер ЖАЙКА-гийн төлөөлөгчидтэй уулзлаа

2023-01-19 15:42:00

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өнөөдөр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничитэй уулзлаа. Талууд нийслэлд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд болон цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүд, тэр дундаа хот, нийтийн аж ахуйн чиглэлд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсон юм.

Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжих, ТЭЗҮ нь хүлээгдэж буй:

  • Саппорогийн уулзварыг олон түвшний уулзвар болгох төсөл
  • Баянбүрдийн уулзварыг олон түвшний уулзвар болгох төсөл
  • Ажилчдын гудамжинд гүүрэн гарц барих төсөл гэсэн гурван багц төслийн талаар товч мэдээлэл өгч, төслийг эрчимжүүлэх хүсэлтээ илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр ЖАЙКА-гийн зүгээс энэ оны дөрөвдүгээр сард Япон Улсын Саппоро хотод зохион байгуулах арга хэмжээний талаар танилцуулж, Улаанбаатар хотыг оролцохыг урив. Тодруулбал, эдийн засгийн хувьд дэлхийд тэргүүлдэг улсуудаас бүрддэг Их долоогийн /G7/ бүлгийн энэ оны хурал Япон Улсад зохион байгуулагдах гэж буй. Энэ хүрээнд ирэх дөрөвдүгээр сард тус улсын Саппоро хотноо “Саппорогийн цаг уур, байгаль орчны үзэсгэлэн” болно. ЖАЙКА-гийн зүгээс уг арга хэмжээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулах хүсэлтээ илэрхийлсэн юм.

Дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт тулгамдсан асуудал болж буй тул уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, сааруулахад чиглэсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бүх талаар дэмжин, хамтарч ажиллахаа Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа илэрхийллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment