8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрчим хүчний салбар хүний нөөцийн хомсдолд орсон.

2023-02-01 10:32:00

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд хариуцлагагүй үйлдлүүдийн талаар өнөөдөр /2023.01.31/ мэдээлэл хийлээ.


Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Э.Адьяасүрэн:

-Эрчим хүчний салбарын ажилтнуудад тулгамдаж буй асуудал Монголын эрчим хүч геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудын хариуцлагагүй байдал юм. Энэ салбарт ажиллах хүчингүй, хүний нөөцийн хомсдолтой болж байна. Эрчим хүчний салбарт боловсон хүчнийг ажлын байранд ажиллуулахад 2-5 жилийг зарцуулдаг. Гэвч цалин хөлсөө голж, туршлагатай ажилчид маань харийн газарт боолын хөдөлмөр эрхлэхээр гэр бүлээсээ хол, эрчим хүч, уул уурхайн салбараа орхин явж байна.

2022 оны байдлаар Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцаас 212 хүн ажлаасаа гарсан. Үндсэн шалтгаан нь цалин, хөлсний асуудал.

Монголын эрчим хүч, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо 1996 онд тухайн үеийн засгийн газрын бүтцээ дагаад уул уурхай, геологи, эрчим хүч гэсэн гурван тулгуур салбарыг нэгтгэсэн холбоо байгуулж байсан. Улс орны хөгжлийн үе шатаар уул уурхай маш хурдтай хөгжсөн. Үүнийг дагаад уг салбарт ажиллах ажиллагсадын тоо олон болсон. Тус холбоо аль аль салбарынхаа ажилчдын асуудлыг орхигдуулсан. Эрчим хүчний салбарт ажиллах болоод ажиллаж буй хүмүүсийн эрх ашиг зөрчигдсөөр байна.

Монголын эрчим хүч, уул уурхайн холбоо өөрийн дүрмийг маш ноцтойгоор зөрчдөг. Маш их санхүүгийн зөрчил гаргасан.

Энэ асуудлын талаар анхан шатны хороодын дарга нарын зүгээс алдаа дутагдлаа залруулах шаардлагыг тавьж, удаа дараа санал бодлоо илэрхийлж байсан ч асуудал шийдэгдээгүй. Монголын эрчим хүч, уул уурхайн, геологийн үйлдвэрчний эвлэлийн хорооны санхүү гэдэг бол эрчим хүчний салбарын ажилчдын хөдөлмөр, хөлсөөр бүтэж байгаа. Энэ мөнгө ил тод, нээлттэй шилэн байх ёстой. Гэвч санхүүгийн зарцуулалт нь нууц байдаг. Үүнийг бид ил болгохыг шаардсан. Уг асуудал дотооддоо шийдэгдээгүй учраас  Эрүүгийн цагдаагийн газарт хандсан. Энэхүү асуудал санхүүгийн шинжээчээр нотлогдоод Авлигатай тэмцэх газарт 220, 283 дугаар тоот хэрэг үүссэн. Одоогоор хуулийн байгууллага шалгаж байгаа.

Эрчим хүчний үйлдвэр голлох том компанийн төлөөллүүд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн холбоонд хэлэлцээрийн саналаа явуулдаг. Тухайн саналд цалин хөлсийг 30-аас доошгүй хувиар нэмэх ёстой, Хөдөлмөрийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийг оруулаач, ажилтнууд амралтын өдөр дуудлага хүлээдэг зэрэг асуудлыг шийдэж өгдөггүй. Бидний хамгийн их эмзэглэж буй гол зүйл бол үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үндсэн суурь зарчим алдагдсан” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл