Монголчуудын хувьд эрүүлийг хамгаалах үйлстэн буюу цагаан халаадат эмч нартай итгэл алдарсан гэхэд бараг хилсдэхгүй. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл эрчимтэй хөгжсөн өнөө үед хаана, хэнд эрүүл мэндийн тусламж хүрч чадаагүй, ямар эмнэлэгийн хэн гэдэг эмч мэргэжлийн алдаа гаргасан гэдгийг дорхноо мэдэж болно. Нөгөө талаас нийгмийн дагаж янз бүрийн өвчлөл ихэсч эрүүл мэндийн байгууллагын ачаалал хэтэрснээс иргэдэд хүлээлт үүсгэж хүндрэл бий болдог. Энэ мэтчилэн салбарын олон шалтгааны улмаас өнөө үед өвчтөн өвчин нь хүндэрч дордоогүй л бол барагтаа л эмнэлэгийг бараадахаас татгалзаж, хэн нэгний амнаас эсвэл өөрийнхөөрөө дур мэдэн эмчилж, дуртай эмээ сонгодог нь гэм биш зан болсон. Гэвч өнөөдөр өвчнөө намдаах төдийхнөөр уусан эм ирээдүйд ямар их эрсдэл дагуулдагыг мэдэх хүн цөөхөн. Тэгвэл энэ удаад МХЕГ-ын эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга Н.Гансүхтэй, эм эмэн бүтээгдэхүүний хэрэгцээ хор уршигын талаар ярилцлаа.
- Сайн байна уу? МХЕГ-аас “Эмийн зохистой хэрэглээ” сарын аяныг зарлажээ. Энэ талаар яриагаа эхлүүлье?
Энэ оныг ЗГ-аас хэрэглэгчийн жил болгож зарласан. Үүнтэй холбоотойгоор МХЕГ-ын даргын хэрэглэгч рүүгээ чиглэсэн хамгийн том ажил эмийн зохистой хэрэглээг төвөвшүүлэх сарын аян байлаа. Өнөөгийн нөхцөлд эмийн асуудал цэгцэрсэн гэж салбарынхан ярьдаг. Эмийн зохицуулалтанд төрөөс бодлого баримталж энэ чиглэлд олон хууль, тушаал шийдвэрүүд батлагдсан. Гэсэн ч өнөөдөр Монголчууд эм, эмэн бүтээгдэхүүнийхээ 75 хувийг импортоор оруулж ирж, эмийн замбараагүй хэрэглээ байсаар л байна.
- Өнөөдөр эмийг хоол шиг замбараагүй иддэг болсон. 1990 оноос өмнө энэ асуудал эмх цэгцтэй байсан?
Тэгэлгүй яахав. 1990 оноос өмнө эмч нар их хариуцлагатай хүнээ үзээд зөвлөгөөгөө өгөөд жороо бичээд явдаг байсан. Зах зээлд шилжсэнээс хойш эм гэдэг бол бизнес болж хувирсан. Өнөөдөр гуравхан сая хүн амтай Монголд 256 эм ханган нийлүүлэх байгууллага байна гээд бод л доо. Энэ олон байгууллага борлуулалтаа хийхийн тулд бүтээгдэхүүнээ нийгэмд хоол шиг л шахаж байна.
Энэ олон байгууллага борлуулалтаа сайн хийхийн тулд эм, эмэн бүтээгдэхүүнээ нийгэмд хоол шиг л шахаж байна.
-Эм, эмэн бүтээгдэхүүний 75 хувийг гаднаас оруулж ирдэг гэнэ. Монголд эм үйлдвэрлэдэг дотоодын хэдэн үйлдвэр байдаг вэ?
МУ-д бүртгэгдсэн 4 мянган эм байна. Харин дотоодын 36 эмийн үйлдвэртэй. Гэсэн ч шалгалтаар үйлдвэрийн зохистой дадал буюу олон улсын шаардлага хангасан нь ганцхан л байна Тэгэхээр хэрэглэгчдийн өөрсдийнхөө өвчнийг эдгээх гэж авсан эмийн баталгаа нь ямар байна гэдэг нь ойлгомжтой.
- Иргэд эмийн сангаас эм худалдан авахдаа жор байтугай хугацааг нь харж авдаг нь цөөхөн болов уу?
Манай үйлчлүүлэгч, хэрэглэгч нар өөрт нь ямар нэгэн зовиур шаналгаа илэрвэл дэлгүүрт очдог шиг шууд л эмийн санд очоод л дуртай эмээ худалдаж авдаг болсон. Энэ бол бүх нийтэд ил тод түгээмэл болсон зүйл.Эмийн санч үйлчлүүлэгч ороод ирэхээр шууд л борлуулалтаа бодоод эмч шиг зөвлөгөө өгөөд л эмээ борлуулдаг болсон. Ингээд хэрэглэгч, эмийн санч харьцаад ирэхээр эмч гэдэг хүн орхигдох болсон
- Эмийн замбараагүй хэрэглээн дээр судалгаа явуулжээ. Ер нь яагаад ийм болчихов?
1990 оноос хойш зах зээлд бүх эм хангамжийн байгууллагуудыг гаргаад хаячихсанаар чөлөөт зах зээл үүсч бизнесийн байгууллага болчихсон. Маш олон эмийн сангууд уралдаж эмээ зарахын тулд урамшуулалтай ажилладаг тогтолцоонд шилжсэн. Тухайбал өнөөдөр антибиотикыг жороор олгоно гэж байхгүй болчихсон,эмийн сангууд нь ч чөлөөтэй өгч, эмч нар ч жор бичих хүсэлгүй болчихсон. Тэртээ тэргүй эмийн санч эмийг нь өгчихдөг болохоор эмч нар ч илүү ажиллагаа хийх шаардлагагүй болчихсон.
- Иргэд яагаад эмнэлэгт хандахаасаа өмнө, эмийн сан руу алхдаг болчихсон юм бэ?
Ард түмэн эмийг жороор авдаг гэдгийг мэддэггүй болчихсон. Эмчийн заавраар хэрэглэх ёстой гэсэн мэдэгдэхүүн байхгүй. Бид үйлчлүүлэгчдээс асуудаг лдаа. Та нар эмнэлэгт очоод эмч нараас яагаад үзүүлж зөвлөгөө авсаныхаа дараа эмчилгээнийхээ жороор эм авч болдоггүй юм бэ гэхэд: Эмнэлэгт очоод хичнээн хоногийн дараа оочир дараалал авч байж үзүүлдэг. Тэгээд эмчид тавтай суугаад үзүүлээд зовиураа ярих боломжгүй, за хурдлаарай, хурдан хувцасаа тайлаарай, суугаарай юу өвдсөн бэ? шинжилгээ хийлгэсэнүү гэх мэтчилэн. Ерөөсөө л эмч нар санд мэнд хүмүүсээ бушуухан гаргахын түүс болдог. Шинжилгээ хараад хальт үзээд тэр аптикаас энэ эмийг аваад уугаараа гээд л гаргадаг. Ерөөсөө өвчтөнд тодорхой заавар зөвлөгөө өгөхөө больчихсон.
- Уг нь эмч нар өвчтөнөө үзэж тодорхой заавар зөвлөгөө өгөх үүрэгтэй л дээ. Гэтэл өвчтөндөө түүртэх болсоны цаад шалтгаан юу вэ?
Энэ бол эрүүл мэндийн байгууллагын маш том алдаа. Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтыг эрүүл мэндийн даатгалаас олгохдоо эмчилсэн хүнийх нь чанарт нь биш,эмчилсэн байдлаар нь биш, зөвхөн үзсэн хүний тоогоор нь олгодог системд орчихсон. Тэгэхээр мэдээж их санхүүжилт авахын тулд эмнэлэгийн дарга нар эмч нарыгаа богино хугацаанд олон хүн үз, хурдан ажилла гэдэг шаардлагыг тавьдаг болчихсон. Ингэхээр стандарт гэдэг зүйл алдагдаж байгаа юм. Нэг эмч нэг хүнийг 20-25 минут үзэх ёстой байдаг. Одоогийн нөхцөлд 5 минут орчим л хальт үздэг энэ хугацаанд яаж өвчтөнөө таних юм бэ, яаж ойлголцож, эмээ зөв бичих юм бэ ийм боломж нөхцөлгүй болчихсон. Иймээс эмч нар зөвөлгөө өгөхгүй,ард түмэн амраа бодоод шууд эмийн санд очоод зовиураа хэлээд эмч авчихдаг болсон нь маш том эрсдлийг дагуулж байна
- Жоргүй эм авч уухад ямар хор нөлөөтэй вэ? Би л гэхэд толгой өвдөхөд аптикаас очоод парацитамол аваад уучихдаг. Тэгээд л өвчнөө намдаадаг. Яг над шиг олон хүн байгаа байх?
Ер нь эмний хор хөнөөл хэзээ ч тэр дороо мэдэгддэггүй. Чи эм авч уугаад өвчнөө дарж байгаа ч гэсэн эцэст нь эмнээс шууд хамааралтай болчихдог.Чи толгой өвдөж байгаагынхаа цаад шалтгааныг олоогүйгээс дахиад л толгой чинь өвдөхөөр дахиж авч уусаар байгаад олон эмний дасалтай болчихдог. Үүнээс гадна "маш олон эмэнд дасалтай" болох гэж нэр томъёо бий. Энэ нөхцөлд хүн эмчлэгдэх боломжгүй болдог. Тухайлбал өвчинөө намдаах гээд хүчтэй эм, эсвэл нойрны эм удаан хугацаагаар ууснаас маш олон эмэнд дасалтай болдог. Олон улсад "маш олон эмэнд дасалтай өвчин" гэж тодорхой нэр томъёотой өвчин байдаг. Харин манай эмч нар ийм өвчний онош тавьдаггүйгээс иргэд мэддэггүй. Хорт хавдар гэж бид эдгэшгүй өвчний талаар мэддэг ч эмчлэгдэх боломжгүй "маш олон эмэнд дасалтай өвчин"-ий талаар харамсалтай нь мэддэггүй. Энэ өвчний талаар манайд судалгаа байхгүй лдээ. 2015 онд маш олон эмийн дасал өвчтэй 50 хүн ЭМ-ийн байгууллагад хандсан байдаг. Гэвч үүний цаана эмнэлэгт хандаагүй хичнээн хүн байдаг нь тодорхойгүй. Энэ өвчнөөр өвдсөний дараах эмчилгээний зардал маш өндөр бөгөөд АНУ-д нэг эмнээс хамааралтай өвчнийг нэг удаа эмчилэхэд 5 мянган доллар зарцуулдаг
- Өөрсдийгөө эмчилж байна гэж бодож уусан эм эргээд эдгэшгүй өвчнийг авчирдаг юм байна. Эмнээс шалтгаалах өөр олон хор нөлөө байдаг байх?
Тэгэлгүй яахав. Үүнээс гадна эмэндээ захирагддаг хамааралтай болчихсон хүн байдаг. Зөвхөн тэр эмийг тархи нь шаардаад эхэлдэг. Нэг үгээр хэлбэл эмэнд донтох өвчин тусдаг. Өөр юу ч хэрэглэхгүй ганцхан тэр эмэндээ л бүхнээ зориулдаг олон зуун хүн Монголд бий. Ээжүүд мөн хүүхдээ төрсөн цагаас нь эхлээд өвдөөд халуурангуут нь антибиотик өгсөөр байгаад антибиотикын дасалтай болгож,өвчнийг нь хүндрүүлж эмийн харшилтай болгож байна. Эмнээс үүдэх хор хөнөөл элбэг, цөс чулуужих, давсаг чулуужих гэх мэт. Эмнээс шалтгаалсан өвчнийг эмчилэхэд төвөгтэй, стандарт барих аргагүй болдог эмчилгээний зардал ч өндөр байдаг
- Одоо бараг хүн бүр л эмч болчихож. Эмчийн өмнөөс бусаддаа дур мэдэн төрөл бүрийн эмийг уухыг зөвлөдөг?
Санал нэг байна. Тэр байтугай зурхайч ,үзмэрч хүртэл өөрсдөө эм барьж байна. Гоо сайхны салон, бялдаржуулах танхимд очихоор хүртэл эмчлэх эрхгүй багш нар эмчилгээ зааж байна. Ийм нөхцөл байдалд Монголчууд эмийн замбараагүй хэрэгцээнд живж байна.
- “Эмийн зохистой хэрэглээ” аяны голлох ажил юу байв?
Аян дууссан ч ажлаа бид үргэлжүүлэх болно. Аяны хүрээнд хоёр гол ажил хийгдлээ.Хяналт шинжилгээ, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх засаж залруулах сургалтыг эм хангамжийн байгууллага, эмийн байгууллага ард иргэдэд хийж хэвлэлийнхэнтэй хамтарч ажилалаа. МУ-д 4 мянган бүртгэлтэй эм байдгаас нянгийн эсрэг антибиотик л гэхэд 597 хэлбэр янзаар бүртгэгдсэн. Үүнээс нэг төрлийн амоксициллин гэдэг эм 96 хэлбэр янзаар бүртгэгдсэн байна. Тэгэхээр эм дотроо маш нарийн олон янз байдаг байх нь. Ампициллин гэхэд 48 байх жишээтэй. Эд нараас аль нь идэвхитэй вэ гэдгийг эмч нар мэдэхгүй.Тиймээс антибиотикын идэвхийг тодорхойлох 80 гаруй шинжилгээг хийсэн. Идэвхи нь харилцан янз бүр гарсан. Энэ ажил нь эмч, эмнэлэг, ард иргэдэд хэрэгтэй ажил болсон.
Энэ олон эм ханган нийлүүлэх байгууллагууд зөвхөн ашиг орлого борлуулалтаа сайн хийхийн тулд эмийн сангууддаа урамшуулал өгч байна. Эмч нарт ч гэсэн урамшуулал өгдөг учраас өвчтөнд нь таарч байна уу? гэхээсээ илүү эрх ашгийн сонирхлоо өмнөө тавьж байна.
- Эрүүгийн цагдаагийнхантай хамтарч хяналт шалгалт хийсэн гэсэн. Энэ тухай?
Урьдчилан сэргийлэх хяналтыг тавхан хоногийн хугацаатай хийсэн. Шалтгалтаар 198 нэрийн хугацаа дууссан эм илэрсэн. Нэг нэрийн эмний ард хичнээн төрлийн хугацаа нь дууссан баталгаагүй эмнүүд байгаа нь ойлгомжтой. Аргагүй шүү дээ. Энэ олон эмийн байгууллагууд маш олон ижилхэн эмнүүдийг оруулж ирж байхад Монголчууд яаж ч идээд барахгүй хугацаа нь дуусна шүү дээ.Энэ нь төр засгаас зохицуулалт хийх болсоныг харуулж байна. Мөн МУ-ын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмнүүд орж ирсэн байна. Бүртгэлгүй эмийг хүмүүс ганзагаар хувийн гар цүнх, гар ачаагаагр оруулж ирж байна. Тиймээс үүнийг зогсоохын тулд хил дээрх эмийн байцаагчийг 24 цагаар бүрэн ажиллуулах шаардлага гарч байн. Мөн дотоодын үйлдвэрийн 20 ширхэг эмнээс шинжилгээ хийхэд 15 нь шаардлага хангаагүй
- Эмийн жор бичилтэнд тандалт судалгаа хийсэн үү? Эмийн сангуудын хэдэн хувь нь жороор олгож байна вэ?
Жор олгох ёстой эмнүүдийн 65 хувийг жоргүй олгож байна гэдэг нь тогтоогдсон. Жороор үлдсэн 35 хувь нь олгосноос 8 хувь нь л шаардлага хангасан жор бичжээ.Тодруулбал дандаа эрүүл мэндийн даатгалаас иргэдэд үнэгүй олгож байгаа эмнүүд болон мансууруулах сэтгэцэнд нөлөөлөх хүчтэй эмнүүдийг жороор олгосон байна. Жороор олгосон хэдхэн эм нь тунг нь буруу бичсэн, эмчийн нэр , тамга гарын үсэг байхгүй, өвчтөнийхөө овог нэрийг бичээгүй зэрэг жор бичих стандартыг зөрчсөн нь илэрсэн .Мөн эм эмнэлэгийн хэрэгслийн хуулийн 18-ын 5-д гаднаас оруулж ирж байгаа эмийн заавар 100 хувь Монгол хэл дээр байх ёстой. Бид зөвхөн 287 эмэнд судалгаа хийхэд 91 хувь нь Монгол хэлээр орчуулагдаагүй байна.
- Иргэдийн зовлон дээр хөлжсөн эмийн сангууд аманд орсон үнээ хэлж, иргэдийн халаасыг хоосолж байна. Эмний үнэнд төр зохицуулалт хийх боломжтой юу?
Бид ажил чиг үүргийнхээ дагуу эмний үнэнд хамааралгүй лдээ. Гэхдээ зохицуулалт хийж эмний үнийг нэг түвшинд барь гэдгийг ЗГ-аас шийдвэр гаргаж өгөх ёстой. Харин бид нар эм хангамжийн байгууллагатайгаа хамтарч ажилладагын хувьд үнийн асуудлаа дотроо зохицуулаачээ гэсэн зөвлөгөө өгч болно тэрнээс биш энэ эмийг тэдээр зар гэж чиглэл өгч болохгүй.
- Эмийн сангуудын борлуулалтаа хийх арга нарийсч эмч нартай холбоо тогтоож сүлжээ бизнес бий болсон гэж ярих хүн олон. Энэ тал дээр таны бодол?
Энэ олон эм ханган нийлүүлэх байгууллагууд зөвхөн ашиг орлого борлуулалтаа сайн хийхийн тулд янз бүрийн аргууд хэрэглэж байна Эмийн сангууддаа урамшуулал өгч байна. Эмч нарт ч гэсэн урамшуулал өгдөг учраас өвчтөнд нь таарч байна уу? гэхээсээ илүү эрх ашгийн сонирхлоо өмнөө тавьж байна. Энэ бол хэнд ч ил зүйл болсон .Хамгийн гол нь стандарт гэдгийг барих ёстой гэсэн шаардлагыг ЭМСпортын яаманд тавьж байгаа Нэг үгээр хэлбэл нэг эмнэлэгт тэдэн эмчтэй байх ёстой, нэг эмч тэдэн хүнийг үзэх ёстой гэсэн стандартыг л барих нь чухал. Эмч нарт цалингийн төсөв байхгүй ЗГ шийдэж өгөх ёстой шдээ. Өчнөөн олон ажилгүй эмч нар байна. Хамгийн гол нь төсөв санхүүг нь шийдээд шатлалын эмч нарыг маш нарийн зохион байгуулах хэрэгтэй. Ард иргэдээ боддог л бол иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж эмнэлэгт ажиллаж байгаа эмч нараа тоогоор нь стандартаар нь байлгаж, эмнэлэгээ зөв зохион байгуулах хэрэгтэй
Ярилцсанд баярлалаа