8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын Дээд шүүх мэдэгдэл гаргалаа

2023-03-03 14:37:00

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэнтэй холбогдуулан иргэн С.Эрдэнэ 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид болон улс төрийн намын бүртгэлтэй холбоотой үйл ажиллагааны талаар олон нийтэд үндэслэлгүй, худал мэдээлэл хийсэн, түүнчлэн Улсын дээд шүүх болон шүүгчдийн албаны нэр хүндэд илэрхий халдсан үйл ажиллагааг удаа дараа явуулсан тул энэхүү тайлбар, мэдэгдлийг гаргаж байна.

С.Эрдэнийн мэдээлэлд дурдсан:

-“ … Улсын дээд шүүх 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Ардчилсан намын дүрмийн нэмэлт өөрчлөлт хуульд нийцсэн гэж үзэж баталсан, … уг дүрмийн өөрчлөлтийг баталсан Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны 292 гишүүний бүрэн эрх хүчинтэй байхад 2017 оны бүрэн эрх нь дуусгавар болсон ҮБХ-ны гишүүдээс ирц тооцож, хууль бус гишүүдийн хуралдуулсан хуралдааныг хүчинтэй мэтээр тооцож, бүдүүлэг, шударга бус шийдвэр гаргасан” гэх тухайд:

2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Ардчилсан намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталсан ҮБХ-ны 392 гишүүний 255 нь намын даргын сонгуулийн асуудлыг хэлэлцсэн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн ҮБХ-ны хуралдаанд оролцсон нь С.Эрдэнийн өөрийнх нь 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улсын дээд шүүхэд ирүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн ҮБХ-ны хуралдаанд оролцсон гишүүдийн нэрс, Л.Гантөмөрийн Улсын дээд шүүхэд ирүүлсэн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн ҮБХ-ны хуралдаанд оролцсон гишүүдийн нэрс зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдоно.

Иймд С.Эрдэнийн “ … Улсын дээд шүүхээс намын дотоод үйл ажиллагаанд эрээ цээргүй оролцоод, ирц тооцож байгаад хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн, … Улсын дээд шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өөрсдийнх нь бүртгэсэн Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн ҮБХ-ны 292 гишүүн байгаа. Хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Эдгээр хүмүүсийн бүрэн эрхийг яах гэж байгаа юм бэ. Хэрвээ эдгээр хүмүүс бүрэн эрхгүй байсан юм бол 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр яах гэж Ардчилсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж бүртгэсэн юм бэ” гэх зэргээр хийсэн мэдээлэл бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй болно.

“ … зургаа, долоон жилийн өмнө ҮБХ-ны гишүүн байсан нөхдийг хүчин төгөлдөр мэтээр, 389 гишүүнээс ирц тооцоод намын дотоод үйл ажиллагаанд эрээ цээргүй оролцоод, ирц тооцож байгаад хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн” гэх тухайд:

Ардчилсан намын дүрэмд намын ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулах хоёр тохиолдлыг нэрлэн заасан нь нэгдүгээрт, намын даргын шийдвэрээр, хоёрдугаарт, ҮБХ-ны нийт гишүүдийн 50+1 буюу ердийн олонхын саналаар гэсэн байдаг.

Намын даргын асуудал нь нам дотроо маргаантай байсан тул ҮБХ-ны гишүүдийн 50+1 саналаар намын ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулах боломжтой байсан. Иймд Ардчилсан намын ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулсантай холбоотой процессыг намын дүрэмдээ нийцсэн эсэхийг Улсын дээд шүүхээс хянахдаа хуралдаанд оролцсон ҮБХ-ны гишүүдийн тоог шалгах замаар хуралдааны ирцийг тодорхойлж байв.

Ардчилсан намын хувийн хэрэгт Ардчилсан намын VIII Их хурлын 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ҮБХ-ны 389 гишүүний талаарх мэдээлэл Улсын дээд шүүхэд хадгалагдаж байдаг бөгөөд ҮБХ-ны гишүүд 4 жилийн хугацаагаар ажиллахаар тус намын дүрэмд заасан боловч 2020 оноос эхлэн “намын даргын асуудлаар” маргаан үүсэж, хоёр талд тус тусын “ҮБХ” гэх бүтцийг бий болгосон, дотооддоо маргаанаа шийдвэрлээгүй тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 38 дугаар тогтоолоор тус шүүхэд хадгалагдаж байгаа Ардчилсан намын VIII Их хурлын 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ҮБХ-ны 389 гишүүнээс ирц тооцож шийдвэрлэсэн байдаг.

Энэ нь Улсын дээд шүүх улс төрийн намын дотоод асуудалд оролцож байгаа хэрэг биш бөгөөд харин ч Ардчилсан намын дотоод маргаанаас үүдэн түүний үндсэн бүтцийн байгууллага болох ҮБХ-ны эрх зүйн чадамж нь бүрэн үгүйсгэгдэх үр дагавраас хамгаалсан, үндсэн бүтцийн байгууллагаараа дамжуулан дотооддоо маргаанаа шийдвэрлэх боломжийг олгосон агуулгатай болно.

“Улсын дээд шүүх Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмаа зөрчиж, гэрчилгээ эх хувиараа байхгүй байхад эрх зүйн чадамжгүй хэдэн нөхдийн гарын үсэг зурсан цаасыг хүлээж аваад шууд бүрдүүлбэр хангасан мэтээр шийдвэр гаргаж байгаа нь дэндүү муухай улс төрийн хүчирхийлэл, дэндүү авлига, хээл хахуультай холбоотой” гэх тухайд:

Ардчилсан намын дотоод маргаан үүссэн 2020 оноос хойш аль аль нь өөрийгөө Ардчилсан нам гэх хоёр талаас нийт 14 удаа тус намын бүртгэлд өөрчлөлт оруулах асуудлаар Улсын дээд шүүхэд хандаж байжээ. Аль ч талаас ирүүлсэн хүсэлтэд Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь ирүүлж байгаагүй болно. Тодруулбал, С.Эрдэнэ Улсын дээд шүүхэд хандаж хүсэлт гаргахдаа ч намын гэрчилгээний эх хувийг журамд заасны дагуу ирүүлж байгаагүй байна. Нийтэд илэрхий байгаа Ардчилсан намын “дотоод маргаантай” байдлыг харгалзан үзэж, аль ч талын эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс “улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь ирүүлээгүй” аль аль талд тэгш хандаж, Улсын дээд шүүх талуудын ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж ирсэн.

Ингэснээр Улсын дээд шүүх тус намын дотоод маргаанд аливаа байдлаар оролцоогүй, маргалдагч аль ч талыг тус шүүхэд хандах, өргөдөл хүсэлтээ хэлэлцүүлэх боломжоор хангасан юм.

-“Улсын дээд шүүхийн шүүгчид хүнд гэмт хэрэгт олноороо холбогдсон … хэдий ч эрүүгийн хариуцлага хүлээдэггүй…” гэх талаар:

Улс төрийн намын бүртгэл хөтлөх үйл ажиллагаатай холбоотойгоор тодорхой улс төрийн намын үүсгэн байгуулагч, сонирхогч бусад этгээдүүд өөрийн хүссэн шийдвэрээ Улсын дээд шүүхээр гаргуулах зорилгоор олон нийтийг турхирах, тус шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөх оролдлого хийж, “шүүгчдийг олноороо гэмт хэрэгт холбогдсон” мэтээр үндэслэлгүй, худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан удаа дараа тарааж байна. Тухайлбал, Иргэдийн оролцооны нэгдэл намыг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Ардчилсан намын дарга, мөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан С.Эрдэнэ нар ийм агуулгатай мэдээлэл хийж байгаа нь төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан “төрийн түшээд”-ийн хувьд ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.

Улсын дээд шүүхийн шүүгчдийн талаарх энэхүү худал мэдээлэл нь жилд нэг зуун мянган хэрэг маргаан шийдвэрлэж, иргэдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг шүүх засаглалд итгэх иргэдийн итгэлийг үгүй хийх, хууль ёсны шүүн таслах ажиллагаа, шүүхийн шийдвэрийн үр нөлөөг бууруулах, төрийн үйл ажиллагааны эсрэг олон нийтийг турхирсан шинжтэй явуургүй, бусармаг, хорон үйл ажиллагаа болно.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхийн дээд байгууллага болох Улсын дээд шүүх, шүүгчдийн албаны нэр хүндэд ноцтой халдаж, гүтгэлэг тарааж буй этгээдүүдэд зохих хариуцлага хүлээлгэх, Улсын дээд шүүхийн шүүгчидтэй холбоотой “олноороо хүнд гэмт хэрэгт холбогдсон эсэх” талаар бодит мэдээллийг эрх бүхий байгууллагууд болох УЕПГ, АТГ, ЦЕГ-аас авч олон нийтэд мэдээлэх талаар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, холбогдох байгууллагуудад хандаж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх асуудлаар Улсын дээд шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлд хандах болсныг үүгээр мэдэгдэж байна.

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
21 аймаг, хотоор тойрч ардчилсан намын олон гишүүдийн саналыг авсан Х. Баттулгыг ардчилсан намын даргаар зөвшөөрөхгүй С. Эрдэний зөв гээд огт халгаагүй байсан дээд шүүх гэнэт өөрчлөгдсөн нь сонин.
2023/03/05 192.82.87.57
  • Recent
  • Most Read
  • Most Comment