Зуны олимпийн XXXI наадамд эх орноо төлөөлөн оролцохоор бэлтгэгдэж байгаа Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулалт, уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх, тэдэнд туслах санхүүгийн зохих эх үүсвэрийг үндэсний хэмжээнд бүрдүүлэх зорилгоор МУ-ын Ерөнхий сайдын санаачилгаар зохион байгуулагдаж буй Олимпын хөгжлийг дэмжих сангийн цомыг буухиалан үргэлжлүүлж, дараагийн байгууллагад хүлээлгэн өгөх ёслолыг 2016 оны 4 сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү ёслолд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны удирдлагууд, Олимпийн хөгжлийг дэмжих сан, Чөлөөт бөхийн холбоо, Капитрон банк, Монголын банкны холбооны хүндэт зочид болон МУ-ын гавьяат тамирчин Дэлхийн хошой аварга С.Батцэцэг нар оролцож, банкны зүгээс спортын хөгжилд оруулсан хувь нэмэр, хийсэн ажлуудаа тайлагнан танилцуулсан юм.
Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь байгуулагдсан цагаасаа биеийн тамир, спортыг дэмжиж, тэр дундаа чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан, баг тамирчдыг ивээн тэтгэж хамтран ажилласаар ирсэн бөгөөд удахгүй болох чөлөөт бөхийн Олимпийн эрхийн төлөөх Дэлхийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллахаар болсоноо энэ үеэр онцоллоо.
Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом тус банкинд буухиалсан өдрүүдээр "BANK&FINANCE-2016" тэмцээнийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 10 жилийн ойн хүрээнд “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж уг тэмцээнд банк санхүүгийн байгууллагуудын нийт 15 багийн 200 гаруй тамирчид авхаалж самбаагаа сорьж оролцсон юм.
Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хамт олон Риог зорих тамирчиддаа нийт ажилтан, албан хаагч, харилцагчидынхаа өмнөөс спортын өндөр амжилт хүсээд 3,0 сая төгрөгийг Олимпийн санд хандивлалаа. Риогийн тэнгэрт төрийн далбаа минь олон удаа мандах болтугай.
Олимп руу хамтдаа.