8o
Улаанбаатар хот
mobile menu

"Номин Холдинг" ХХК-ийн охин компани зургаан удаагийн санхүүжилтээр Хөгжлийн Банкнаас ₮48.3 тэрбумын зээл авсан

2023-03-15 13:47:00

Хөгжлийн Банкны зээлийн асуудлаарх сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр ноолуур хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн асуудлыг хэлэлцлээ. 

"ЭМ ЭМ ЖИ Капитал" ХХК 2018 онд Хөгжлийн Банкнаас 10 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийн хувьцааг Р.Ачсүрэн 50 хувь, Д.Баярсайхан 50 хувь эзэмшиж байна. Зээл авах үед Д.Баярсайхан нь УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. 

Энэ талаар шинжээч "Тус компани нь 10 тэрбум төгрөгийг бэлнээр зарлагадан авч, тухайн өдөртөө тусгай нөхцөлт хадгаламжийн таван дансанд хоёр тэрбум төгрөгөөр хуваан байршуулж, хугацааны эцэст буюу найман сарын дараа зээлээ хаасан байна. 

Тус компани 2015 онд нэг тэрбум төгрөгийн зээл авч хадгаламжид байршуулсан бол 2018 онд 10 тэрбум, 2019 онд хоёр тэрбум төгрөгийн зээл авсан. Улмаар нийт 13 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар ашигласан гэж үзэж болохоор байна" гэдгийг хэллээ. 

Харин "Натурал Текстайл групп" ХХК ноолуур хөтөлбөрийн хүрээнд хамаарал бүхий компаниудаар дамжуулан нийт зургаан удаагийн санхүүжилтээр 48.3 тэрбум төгрөгийн зээл авчээ. Хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс гаргасан тогтоолын хавсралтад "Арилжааны банкны дэд зээлдэгчид 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө олгосон ноолуурын салбарын аливаа зээлийг дахин санхүүжүүлэхгүй" гэсэн заалтыг зөрчсөн байна. 

Өөрөөр хэлбэл, "Натурал Текстайл групп" ХХК 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө авсан зээлээ тус санхүүжилтээр хаажээ. 

Тус компанийн хувьцааг Ш.Энхбаяр 76.4 хувь, Ш.Баярсайхан 23.5 хувиар тус тус эзэмшдэг байна. Харин гүйцэтгэх захирлаар нь О.Мөнхцацрал ажилладаг аж. 

Дээрх компаниудын зээлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хамаарал бүхий групп компаниуд Хөгжлийн Банкны эх үүсвэртэйгээр ямар зээл авсан бэ гэдэг асуудлыг үзсэн. "Натурал Текстайл групп" ХХК нь "Номин Холдинг" ХХК-ийн охин компани юм. Нийт "Натурал Текстайл групп" ХХК, "Эрдэнэт хивс" ХХК-аар тус бүр хоёр удаа, "Улаанбаатар хивс" ХХК-аар хоёр удаа нийт 48.2 тэрбум төгрөгийн ноолуур хөтөлбөрийн хүрээнд зээлж авсан байна. 

Арилжааны банктай, эсвэл арилжааны банканд хувь эзэмшдэг томоохон групп компаниуд бүгд Хөгжлийн Банкнаас зээл авсан. Энэ зээлээр өөрсдийн компаниудын өрийг хааж байгаа юм"

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл