8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа зохион байгуулна

2023-03-16 12:32:00

Монгол Улсын 21 аймаг болон нийслэл дэх Төрийн албаны ерөнхий шалгалтын нээлт өнөөдөр боллоо. Энэ удаагийн шалгалтад нийслэлийн хэмжээнд 2057, улсын хэмжээнд нийт 5126 иргэн бүртгүүлсэн байна. Өчигдрийн хувьд нийслэлд шалгалт өгөх ёстой байсан 700 иргэнээс 559 нь өгч, 183 нь тэнцжээ.

Нээлтийн үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах төв комиссын дарга Д.Баатарсайхан “Төрийн албаны ерөнхий шалгалтад иргэдийн мэргэжил, туршлагыг харгалзалгүйгээр бүртгэж байна. Шалгалтад бүртгүүлсэн иргэд хуваарьт цагаасаа хоцрох тохиолдол гарч байгаа. Хоцорсон хүнийг оруулах боломжгүй тул цахимаар хүлээн авсан хуваарийнхаа дагуу шалгалт өгөх байршилд цагтаа ирэхийг хүсэж байна. Давагдашгүй хүчин зүйл, гачигдлын улмаас хоцорсон бол өргөдөл, хүсэлт өгч шалгалтад орох боломжтой. Одоогийн байдлаар шалгалтын зохион байгуулалт, иргэдийн оролцоотой холбоотойгоор ямар нэг зөрчил, гомдол, маргаан гараагүй байна” гэсэн юм.

НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Төрийн албаны тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн Төрийн албаны зөвлөл Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах чиг үүрэгтэй. Нийслэлийн хэмжээд 40 орчим албан хаагч 10 гаруй хоногийн хугацаанд байр, техник хэрэгсэл, сүлжээ зэргийн бэлэн байдлыг хангаж, шалгалтад бэлтгэлээ. Төрийн албаны шалгалтад тэнцэж, ажлын байранд томилогдсон албан хаагч иргэд олон нийтийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, шаардлагад үндэслэн мэдлэг, чадвараа үргэлж дээшлүүлж байх ёстой. Энэ хүрээнд нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Үүний жишээ бол НЗДТГ-ын дэргэдэх Хүний нөөцийн хөгжлийн төв юм” хэмээлээ.

Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болжээ. Ингэснээр төрийн албаны сул орон тоо илүү хурдан нөхөгдөж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, цаг хугацаа хэмнэх боломжтойг зохион байгуулагчид онцлов.

Улаанбаатар хот дахь Төрийн албаны ерөнхий шалгалт өчигдөр эхэлсэн бөгөөд маргааш Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт үргэлжилнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл