Аймаг, сум дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулийг энэ оны зургаадугаар сарын 18-ны өдөр зохион байгуулна. Иргэдийн хурлын төлөөлөгч нас барсан болон чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон шалтгаанаар 17 аймгийн 31 сум, нийслэлийн хоёр дүүрэгт ИТХ-ын нөхөн сонгууль явуулах шаардлага үүсчээ. Харин Баянхонгор аймгийн Богд сум, Говь-Алтай аймгийн Сүмбэр, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумдаас аймгийн ИТХ-д төлөөлөгч сонгох нөхөн сонгууль явуулах юм. Улсын хэмжээнд нийт 46 мандаттай сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа 2023 оны тавдугаар сарын 4-10-ны өдрүүдэд явагдаж тухайн шатны сонгуулийн хороо шийдвэрээ гаргах юм.
Нөхөн сонгуулийн сурталчилгаа 2023 оны зургаадугаар сарын 03-наас эхэлнэ.