8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан танаа

2016-04-18 14:41:00

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо АСЕМ-ийн 11 дэх уулзалт анх удаа зохион байгуулагдаж байгаа нь бидний хувьд түүхэн үйл явдал бөгөөд хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалсан, чөлөөт зах зээлийг дэмжин хөгжүүлсэн иргэддээ үйлчилсэн, ил тод нээлттэй засаглалтай, ардчилсан нийгмийг цогцлоон байгуулж буй Монгол Улсаа дэлхий нийтэд таниулах, эх орноороо бахархах завшаан тохиож байна.

Гэтэл сүүлийн үед хууль хүчний байгууллага хуулиар олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн хүч түрэмгийлэх, айлган сүрдүүлэх, дарангуйлах хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа нь ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйлс болох хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмуудыг үл хүндэтгэхээс гадна улс төр, нам, бизнесийн бүлгийн эрх ашигт үйлчилж буй байдлаар харагдаж байна.

Энэ байдал нь Монгол хүний төрөө дээдлэх сэтгэлд сэв суулгах, нөгөөтэйгүүр Монголын ардчиллын талаар дэлхий нийтэд эргэлзээ төрүүлж  байгаад сэтгэл зовниж байна.

АСЕМ-ийн уулзалтуудыг энэ оны 4 дүгээр сараас 7 дугаар сарыг дуустал зохион байгуулах ба Засгийн газраас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид АСЕМ-ийн уулзалтын үеэр нийтийн аюулгүй байдал, хэв журмыг сахиулж, зочид төлөөлөгчдийн тав тухтай, аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээлгэсэн бөгөөд энэхүү үүргийн хэрэгжүүлэхэд хууль хяналтын байгууллагатай хамтран  ажиллаж байгаа болно.

Иймд “Ардчилсан Монгол Улс” хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндийг хамгаалж, олон улсын итгэл найдварыг хангаж, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг мөрдүүлж, хуулиар олгосон бүрэн эрхээ бие даан хараат бусаар хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллахыг хүсч байна.
 
                                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
                                                                   УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл