8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.ЗАНДАНШАТАР ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ЭЛЧИН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2023-03-28 15:20:00

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.03.28) Шведийн Хаант Улс болон Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг тус тус хүлээн авч уулзлаа.

Шведийн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Хелена Сонгеландтай хийсэн уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр, Шведийн Хаант Улс нь Нордикийн орнуудаас хамгийн түрүүнд Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон, манай улсын Европ дахь ойр дотно, чухал “гуравдагч хөрш“ орон. Манай хоёр улс ардчилал, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлстэй болохыг онцлон тэмдэглэв.

Элчин сайд хатагтай Хелена Сонгеланд Шведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух, мөн Монгол Улсад гурав дахь удаагаа ийнхүү зочлох болсонд туйлын баяртай байна гэв. Тэрбээр, Швед, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой ирэх жил тохиох бөгөөд талууд  хамтран тэмдэглэж, хоёр орны хамтын ажиллагааг дэмжсэн олон арга хэмжээг зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байна гэв. Мөн Улсын Их Хурал дахь Монгол-Шведийн парламентын бүлаг байгуулсанд талархал илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр орны харилцаанд Парламент хоорондын хамтын ажиллагаа нэн чухал. Риксдагийн Тэргүүн дэд дарга Оса Линдстамын манай улсад 2022 оны 5 дугаар сард хийсэн айлчлал нь хоёр талын харилцаа, ялангуяа Парламент хоорондын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болсон. Энэ үеэр Риксдаг-т Монгол-Шведийн бүлэг байгуулах, худалдаа, эдийн засаг, боловсролын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг ярилцаж тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход Элчин сайд хатагтай Хелена Сонгеланд дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Лина-Кайса Микколатай хийсэн уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад томилогдон ажиллах болсонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр, Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлст суурилан тогтвортой хөгжиж, энэ жил дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоо тэмдэглэж байна. Түүхэн ойг талууд хамтран тэмдэглэхээр болсон нь сайшаалтай болохыг онцлон тэмдэглэв.

Элчин сайд хатагтай Лина-Кайса Миккола Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улс нь Финланд Улс төдийгүй Европын Холбооны улсуудын чухал түнш орон болохыг тэмдэглэв. Тэрбээр, манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэх эрмэлзтэй байгаагаа илэрхийлж, нэн ялангуяа боловсролын салбарт түлхүү анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр орны харилцаанд Парламент хоорондын хамтын ажиллагаа нэн чухал. Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням тэргүүтэй гишүүд 2022 онд Финланд Улсад айлчилсан нь хоёр талын Парламент хоорондын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болсон гэлээ. 

Талууд худалдаа, байгаль орчин, боловсрол, соёл зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

​​​​​​

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment