8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

2023-03-31 15:37:00

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Монголбанкнаас 2022 оны арван хоёрдугар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут танилцуулав.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлд Улсын Их Хурлаас Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн байнгын болон байнгын бус хэсэгт байх эрдэнэсийн нэр төрөл, хэмжээг тогтоох, үндсэн сангийн жилийн орлого, зарлагын хэмжээ болон гүйцэтгэлийн тайланг батлах, үндсэн сангийн байнгын бус хэсгээс үнэт металл, үнэт чулуу худалдах, худалдан авах шийдвэр гаргах, олборлосон үнэт металл, үнэт чулууг Эрдэнэсийн санд худалдан авах доод хэмжээг тогтоохоор заасныг болон Монголбанкнаас ирүүлсэн санал, түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн сан болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо боловсруулж, уг тогтоолын төслийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан … бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна.” гэж заасан байдгийг санал, дүгнэлтэд тэмдэглэснийг Д.Батлут гишүүн танилцууллаа.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Эрдэнэсийн сангийн эрдэнэс, хөрөнгийн хөдөлгөөн, түүний зохицуулалтын талаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ц.Сандаг-Очир нар тодруулж, Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван хариулт өгсөн юм. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр баталсан бөгөөд энэ дагуу тус сангийн хадгалалт, харуул, хамгаалалттай холбоотой хэсгээс бусад нь төрийн болон албаны нууцын ангилалаас гарч, мэдээлэл нь олон нийтэд нээлттэй, ил тод байгаа гэх хариултыг өгөв. Төв банк холбогдох хууль, журмын хүрээнд Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, зарлага, бүртгэл зэрэг мэдээллүүдийг цахим хуудсаараа, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол дэлгэрэнгүй мэдээлж байгаа юм байна.

Эрдэнэсийн санд эрдэнэс худалдан авахдаа Шинжлэх Ухааны Академи, Соёлын яам, МУИС болон салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл бүхий  мэргэжлийн зөвлөлийнхөө санал, дүгнэлтэд үндэслэн, Төв банк холбогдох шийдвэрийг гаргадаг байна. Харин зарлагын тухайд, Эрдэнэсийн санг үндсэн болон гүйлгээ санд хуваах бөгөөд үндсэн сан байнгын болон байнгын бус хэсгээс бүрддэг аж. Үндсэн сангийн байнгын хэсэгт байх хосгүй үнэт түүх, соёлын дурсгалт зүйлсийг худалдах, шилжүүлэх, захиран зарцуулахыг хуулиар хориглодог. Харин үндсэн сангийн байнгын бус хэсэгт олон улсын жишгээр цэвэршүүлсэн үнэт металл, засаж өнгөлсөн эрдэнийн чулуу, түүх, соёлын үнэт дурсгалт зүйл, үнэт болон бусад металлаар хийж нөөцөд авсан зоос байдаг бөгөөд эдгээрийг зөвхөн Улсын Их Хурлын шийдвэрээр бусдад шилжүүлэх, худалдан борлуулах зохицуулалттай гэдгийг Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван тайлбарлаад “1994 оноос хойш Улсын Их Хурал энэ төрлийн ямар нэг шийдвэр гаргаагүй тул Монгол Улсын Эрдэнэсийн сангаас энэ хугацаанд ямар нэг эд зүйлс гаргаагүй” гэв. Үргэлжлүүлэн тэрбээр Эрдэнэсийн сангийн гүйлгээ сантай холбоотой тайлбар, мэдээллийг өглөө. Өнгөрсөн онд түүх соёлын дурсгалт зүйлс, байгалийн төрц гэх зэрэг эрдэнэсийг шилжүүлж авахаар 2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн ч 954 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Мөн 200 орчим дурсгалын зоос орлогодохоос 108 ширхэг дурсгалын зоос авчээ. Эрдэнэсийн сангийн талаар хуульд зааснаас бусад бүх асуудал нээлттэй, ил тод байгааг тэрбээр дахин тодотгов.  Эрдэнэсийн сан нь 1984 онд үнэт метал, эрдэнэсийн зүйлсийг цуглуулж, хадгалж, хамгаалахаар байгуулагдсан бөгөөд үнэт метал, эрдэнэсийн зүйлсээр урласан урлагийн бүтээлүүдийг хадгалдаг болохыг танилцуулсан. Монгол Улсын Эрдэнэсийн санд 1 их наяд орчим төгрөгийн үнэлгээтэй үзмэр бий бөгөөд тэдгээрийг олон нийтэд нээлттэй үзүүлэхийн зэрэгцээ “Чингис хаан” музейтэй хамтран ажиллаж, зарим хосгүй үнэт үзмэрүүдийг тус музейд дэглэн олон нийтэд үзүүлж байгаа юм байна. Сангийн тооллого, бүртгэлийг жил бүр хөндлөнгийн байгууллага гүйцэтгэж байдаг, ямар нэг үзмэр, бүтээл алдагдаагүй гэдгийг гишүүдийн тодруулсны дагуу тайлбар хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Төв банкны мөнгөний бодлогын талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр алтны худалдан авалт, түүнтэй холбоотой үйл ажиллагаа, холбогдох мэдээллийг тодруулж, Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг нар хариулт өгсөн.

Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа төслийг батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 45 гишүүний 64.4 хувь нь дэмжснээр “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын дарга дээрх тогтоолын эцсийн найруулгыг танилцуулснаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. UROLOGIST
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/04/01 197.211.52.71
  • Recent
  • Most Read
  • Most Comment