УИХ-ын гишүүн Н.Энхболд, Т.Доржханд, Д.Тогтохсүрэн нарын гишүүд Сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьжээ
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд "Сонгуулийн зардал хэмнэх, мөнгөний нөлөөг арилгахад холимог тогтолцоо давуу талтай. Холимог тогтолцоо гэдэг нь 50 хувь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос сонгогдох зохицуулалт юм. Гадаадад сурч, ажиллаж байгаа хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс санал өгөх хугацааг нь нэмсэн.
Өмнө нь можаритор тогтолцоогоор сонгуулиа зохион байгуулдаг байсан бөгөөд хамгийн том шүүмжлэл нь иргэдийн саналын тал хувь нь УИХ-ын гадна үлддэг гэдэг байв.
Нийт дүнгээрээ 50 орчим хувийн санал авсан улс төрийн хүчин УИХ дээр 70-80 хувийн бүрдүүлж байгаа нь шударга ёсны хувьд байж боломгүй гэж олон нийт үздэг. Мөн нийгмийн бүхий л давхаргын үзэл бодол парламентад тусгалаа олохгүй байна гэдгийг олон жил шүүмжилж ирлээ.
Тиймээс бид Сонгуулийн тухай хуулийн төслөө боловсруулахдаа зөвхөн 2024 оны сонгуулийг хараагүй. Олон намын оролцоотой, сонгуулиудын үр дүн, нийгэм, улс төрийн амьдралд үзүүлж байгаа нөлөө, иргэдийн байр суурийг нэгтгээд хуулийн төслөө боловсруулсан.
Сонгууль эхлэхээс жилийн өмнө энэ хууль батлагдсан байх ёстой. Энэ оны зургаадугаар сарын 20-нд багтаан батлах шаардлагатай байна" хэмээв.