8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Занданшатар: Нийгэмдээ эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжиж ажиллахыг уриалж байна

2023-04-11 12:10:00

“Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форум Улаанбаатар хотноо 2023 оны 04 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ.

Тус форумыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй бөгөөд энэ өдөр /2023.04.11/ “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах  эрх зүйн шинэчлэл” сэдвээр Төрийн ордонд үргэлжиллээ.

Форумын энэ өдрийн ажиллагааг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Тэрбээр, Дэлхийн улс орнууд 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хэрэгжүүлэх хугацааны тэн хагас нь өнгөрсөн байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг чухал амлалт, үүрэг бол жендэрийн тэгш байдлыг хангах юм. Жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтыг устгаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах цогц зорилт нь улс орнууд 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд НҮБ-ын өмнө хүлээсэн нэг үүрэг, амлалт.

Монгол Улсын хувьд “ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ” гэсэн хандлагыг баримталж, гэр бүл, охид бүсгүйчүүдийн хүчирхийлэл, хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо, жендэрийн зорилтуудыг дэвшүүлж, асуудлуудыг шийдэхээр чухал зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа орон. 2030 онд хэрэгжүүлсэн байх ёстой ч цар тахлын нөхцөл байдал болон бусад олон хүчин зүйлсээс үүдэн хэрэгжилт удаашралтай байна гэж үзэж байна.

Форумын нээлтийн үеэр онцолж хэлэх нэг мэдээ байна. 2023 оны зургадугаар сарын 13, 14-нд Улсын Их Хурлаас АНУ-ын Стэнфордын их сургууль, БНСУ-ын Эва их сургууль, “Бан Ги Мүн” сантай  хамтран “Алтай дамнасан тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээ: Жендэр болон тогтвортой хөгжил” гэсэн сэдвээр олон улсын форум зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. АНУ-ын Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн орнуудын судалгааны төв, Тогтвортой хөгжлийн сургуулиудын эрдэмтэн, судлаачид, БНСУ-ын судлаачид, Төв Ази-Алтай дамнасан улс орнуудын төлөөлөл өргөнөөр оролцоно гэж итгэж байна. Өчигдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич, Ноттингемийн Их сургуулийн Дэд профессор Фернандо Касаль Бертоа тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэрээ энэ талаар санал солилцсон. Эмэгтэйчүүдийн манлайлал, улс төрд оролцох оролцоог идэвхжүүлэх чиглэлээр чухал арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Зургадугаар сар бүхэлдээ эмэгтэйчүүдийг дэмжих, хөгжүүлэх сар болно хэмээн итгэж байна. Тухайн сард Засгийн газар, Гадаад хэргийн яамнаас эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын хурал, зөвлөгөөн зохион байгуулна.

Жендэрийн талаарх статистикийг харахад эмэгтэйчүүдэд тулгамдаж буй нэг томоохон асуудал нь өнөөдрийн форумын гол сэдэв болох шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн идэвх, оролцооны асуудал юм. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Улс төрийн оролцооны талаарх хүйсийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн 146 улсаас 113 дугаарт орсон байна. Мэдээж хэрэг, энэ бол сайн үзүүлэлт биш.

2023 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаарх статистик, тоо баримтаас харахад  дэлхийн улс орнуудын парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх дундаж хувь 26.5 байгаа бол Ази тивд 21.2 хувь байна. Харин манай улсад 17 хувь байгаа нь бид энэ чиглэлд томоохон өөрчлөлт хийж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийг улс төрийн шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог хангах механизмыг бүрдүүлэхээс гадна нийгмийн идэвх оролцоо, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг илэрхийлж байна.

Ийм ч учраас бид Олон Улсын Парламентын Холбоотой хамтран Улсын Их Хурлын жендэрийн мэдрэмжтэй байдалд үнэлгээ хийх ажлыг эхлүүлж байгааг дурдахад таатай байна. Парламент өөртөө жендэрийн үнэлгээ хийх нь цаашид аливаа хууль тогтоомж жендэрийн үзэл баримтлалтай байх, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг сайжруулахад чухал алхам болно. Ийм ч учраас Улсын Их Хурлын даргын дэргэд “Эмэгтэй парламентчдын орон тооны бус зөвлөл” байгуулсан. Энэ зөвлөлийг манай Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа ахалж байна. Энэ зөвлөлд үе үеийн Улсын Их Хуралд сонгогдон ажиллаж байсан эмэгтэй парламентчдын хууль тогтоох, боловсруулах явцад саналыг нь сонсох, тодорхой хэмжээгээр шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх боломжийг бүрдүүлсэн механизм юм. Энэ зөвлөл, механизмаар дамжуулан бүхий л хууль тогтоомжид эмэгтэйчүүдийн, жендэрийн асуудлыг тусгах талаар идэвх санаачилгатай ажиллах бололцоотой. Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгэмийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл ахалж ажилладаг. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн боловсруулалтад идэвхтэй оролцож, 1:1, жагсаалт, эмэгтэйчүүдийн квот, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлд Д.Сарангэрэл, Х.Булгантуяа гишүүн тэргүүтэй эмэгтэй гишүүд идэвхтэй ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Үүнээс гадна бид хууль эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хөшүүргийг бий болгохоор ажиллаж байна. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг маргаашаас хэлэлцэж эхлэх гэж байгаа. Энэ талаар хоёр төсөл өргөн мэдүүлсэн. Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр цаг товлоод байна. Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулиуд нэг зоосны хоёр тал шиг багц хууль юм. Эдгээр төслийн хэлэлцүүлэг энэ дөрөвдүгээр сарын нэг чухал сэдэв байх болно. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг томилох, сонгогдоход дэмжлэг үзүүлэх тусгай зохицуулалтуудыг эдгээр хуулийн төсөлд тусгаж, улмаар эмэгтэйчүүдэд ээлтэй сонгуулийн тогтолцоо бий болгохыг зорьж байгаа юм. Улс төрийн намын тухай хуулиар зөвхөн сонгуулиас гадна шийдвэр гаргах түвшинд, гүйцэтгэх засаглалын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог илүү нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Улсын Их Хурлын Тамгын газрын түүхэнд анх удаа эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн даргатай ажиллаж байгаа. 2020 оноос хойш. Тийм учраас шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах асуудал бол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд квот тогтоохоос гадна шийдвэр гаргах түвшин, бодлогын түвшин ийм квотыг тогтоох асуудал гэж үзэж болно.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд аль нэг хүйсийн нэр дэвшигчдийн эзлэх хувь хамгийн багадаа 30-40 хувь байхаар тусгагдсан. Хэлэлцүүлгийн явцад энэ асуудлаар нэгдсэн шийдэлд хүрнэ гэдэгт итгэж байна. Мөн хувь тэнцүүлэх зарчмаар нам, эвслийн жагсаалтад багтах нэр дэвшигчдийн хувьд хүйсийн харьцаа тэнцүү байх, жагсаалт нь эрэгтэй, эмэгтэй ээлжилж дараалсан буюу 1:1 байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ бол жендэрийн тэгш байдлыг хангах талаар манайд улсад урьд өмнө огт байгаагүй шинэлэг, дэвшилт зохицуулалт юм. Энэ маань санал тоолох, нээлттэй, хаалттай жагсаалтад тусгалаа олохоос олон зүйл хамаарна. Улс орны хэмжээнд нээлттэй, хаалттай жагсаалтаа хэрхэн тоолохоос жендэрийн тэгш байдлыг хангах болон сонгуулийн тогтолцоог үр дүнтэй болгоход чухал элементүүд байх юм.

Улс төрийн намын тухай хуульд санхүүжилтийн хөшүүргээр дамжуулан жендэрийн болон нийгмийн бүлгүүдийн төлөөллийг тэнцвэртэй хангах зохицуулалтыг тусгаж байна.

Хуулийн төслүүдийг парламентаар хэлэлцэх үед бид шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахын ач холбогдлыг шийдвэр гаргагчид болон олон нийтэд сайтар таниулах ёстой. Өөрөөр хэлбэл жендэрийн тэгш байдлыг хангана гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш бөгөөд харин хөгжлийн бүхий л зорилтдоо амжилт олж, ахиц дэвшилд хүрэхийн эхлэл гэдгийг нийт нийгмээрээ, сонгогчдын түвшинд, боловсролын түвшинд ойлгох, ухуулах ёстой. Жендэрийн эрх тэгш байдал бол нөгөө талдаа хүний эрхийн суурь асуудал гэдгийг ч бид ухамсарлах учиртай.

Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллах нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой болохыг олон улсын судалгаа харуулдаг. Тухайлбал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл 2 хувиар нэмэгдэхэд авлига 8 хувиар буурдаг гэсэн Дэлхийн банкны судалгаа байдаг. Эмэгтэй сайд олон ажилладаг Засгийн газартай улс орнуудад авилгын индекс бага байдаг гэх тооцоо ч бий. Ардчиллыг эрхэмлэдэг, засаглал сайтай, хууль дээдлэх ёс, шударга сонгуулийн тогтолцоо бүрдүүлсэн улсад жендэрийн тэгш эрх сайн хангагддаг нь нэгэнт жишиг болжээ. Үүнийг бид нийгмийн чиг баримжаатай ардчилсан хөгжлийн загвартай улс орнуудаас тод томруунаар харах боломжтой. Тиймээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн хангах нь манай улсын ардчилал, засаглалын үйл явц ямар түвшинд байгааг илтгэх чухал шалгуур болно.

Эцэст нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудалд эрэгтэйчүүд ч манлайлал үзүүлэх ёстой гэдгийг тэмдэглэж хэлье. “UN Women” буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах байгууллагын судалгаагаар эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэй лидерүүдийн манлайлал, дэмжлэг маш чухал байдаг гэж үзсэн.

Иймд миний бие Монгол Улсын Их Хурлын даргын хувьд Улс төрийн намуудын эрэгтэй удирдлага, парламентын нийт гишүүд, эрэгтэй гишүүддээ эмэгтэйчүүдийнхээ улс төрийн оролцоог дээшлүүлэх хууль эрх зүйн дэвшилт шинэчлэлийг тууштай дэмжихийг уриалж байна. Нийгэмдээ эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжиж ажиллахыг уриалж байна" гэлээ

Дараа нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Илейн М.Конкиевич нээлтийн үг хэлсэн юм.

Тэрбээр, “Шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд томоохон өөрчлөлт хийх үйл хэрэгт дэмжлэг үзүүлэн ажиллаж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон “Койка” олон улсын хамтын ажиллагааны агентлагт гүн талархал илэрхийлье.

Эмэгтэйчүүд улс төрд амжилт гаргах таатай орчин бүрдүүлэхэд улс төрийн намууд чухал үүрэг гүйцэтгэдэг талаар олон улсын эксперт, мэргэжилтнүүдээс сонсох завшаан өчигдөр бидэнд тохиосон. 

Монголын улс төрийн намуудын лидерүүд өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн үйл хэрэг, өөрчлөлт шинэчлэлтийн туршлагаа хуваалцаж, улмаар шийдвэр гаргах үйл явцад тэгш төлөөллийг хангахын төлөөх амлалтад улстөрийн 10 намын удирдлага  гарын үсэг зурлаа. Энэ нь улс төрийн тавцанд эмэгтэйчүүд тэгш төлөөлөлтэй байх хүчин чармайлтыг Монголын ард түмэн бодитоор баталгаажуулах явдал гэж харж байна” гэлээ.

Хатагтай Илейн М.Конкиевич, улс төрийн намын дотоод шийдвэр гаргах байгууллагууд 40 хувийн квот тогтоож, сонгуульд нэр дэвшүүлэх үйл явцад жендэрийн тэгш байдлыг хангах талаар амлалтдаа тусгагдсаныг онцлон дурдаад, энэ нь ирэх сонгуулиар үндэсний ба орон нутгийн түвшинд УИХ, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэх гол алхам болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. 

Түүнчлэн, Амлалтад тусгагдсан хүчин чармайлт нь сайшаалтай ч, бид тэрхүү үүрэг амлалтыг бодит үр дүнд хүргэж, биелэлтийг ханган баталгаажуулах шаардлагатай. Бодит үр дүнд хүрэхийн тулд, улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд тэгш байр суурь эзлэх тогтолцооны өөрчлөлтөд түлхэц өгөхүйц хууль тогтоомж бидэнд хэрэгтэй байна.

УИХ-аар удахгүй Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгэж байгаа энэ цаг үед зохион байгуулж байгаа энэхүү хэлэлцүүлэг УИХ-ын гишүүд, улс төрийн лидерүүдийг үнэ цэнтэй нотолгоо, бодитой үндэслэл бүхий мэдээллийг хүргэнэ гэж найдаж байна хэмээсэн.

Хатагтай Илейн М.Конкиевич нээлтийн үгийнхээ төгсгөлд, Дахин хэлэхэд, жендэрийн тэгш байдал гэдэг нь хүний суурь эрх ба харин давуу эрх биш. Мөн зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай асуудал ч биш. Жендэрийн тэгш байдал нь эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүст хамааралтай гэдгийг онцолсон юм.

Иймд монголын бүх эрэгтэй удирдагч, лидерүүдэд нөлөөлөл, чадавхаа ашиглан хүйсийн тэгш байдлыг хангахын төлөө тус тусын нам, байгууллагаа манлайлахыг дахин уриалж байна гэлээ.

Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын Дэд дарга С.Одонтуяа “Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах хууль эрх зүйн орчин: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвээр, Латви улсын Парламентын гишүүн асан, Улс төрийн зөвлөх Лолита Чигане “Хууль эрх зүйн шинэчлэлийг дэмжих замаар  шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангаж буй дэлхий нийтийн чиг хандлага” сэдвээр тавьж, “Сонгуулийн тогтолцоо, нэр дэвшигчийн квотын шинэчлэлээр өөрчлөлтийг бий болгох нь” сэдвээр панел хэлэлцүүлэг өрнүүлж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment