“Эрдэнэс Тавантолгой” ХК ашигтай ажиллаж байгаа учраас энэ онд иргэдэд ногдол ашиг тараах асуудлыг хөндөж байгаа. 2022 онд тус компани 1.3 их наядын ашигтай ажилласан. Тиймээс 1072 хувьцаа эзэмшиж байгаа 2.5 сая иргэнд ногдол ашиг тараах, эсэх нь иргэдийн анхаарлыг татаж байгаа билээ.
Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат орлогоо иргэдэд тараасны оронд угаах үйлдвэрээ ашиглалтад оруулах нь зөв гэдэг байр суурьтай байгаа аж. Учир нь угаах үйлдвэрээ ашиглалтад оруулвал тонн нүүрс тутмаас олох орлого 60-80 ам.доллароор нэмэгдэх юм байна. “Эрдэнэс Таавантолгой” компани дээр 2022 оны долдугаар сараас эхэлсэн нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл хэрэгжиж байгаа. Тус үйлдвэрийг 2024 оны долдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй бөгөөд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалдтай юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Нүүрс баяжуулах үйлдвэрийг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байна. Үүнийг ашиглалтад оруулвал 60-80 ам.долларын нэмэлт орлого олох боломж байгаа.
1072 хувьцааны ногдол ашиг тараах асуудал мөн гарч ирээд байгаа. Бид 2022 онд 1.3 их наядын ашигтай ажилласан. Энэ компанийн 18.4 хувийг 2012 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгаа. Энэ хүмүүст ногдол ашиг гэж 100 мянган төгрөг тарах нь зөв үү, угаах үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулахад нэмэлт хөрөнгө оруулалт хийгээд 60-80 ам.долларын нэмэлт орлого олох уу гэдэг сонголтыг хийх ёстой болчихоод байна” гэлээ.
Сануулахад, ЭТТ-н хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах эсэх эцсийн шийдвэрийг ТУЗ гаргах юм. Компанийн ТУЗ удахгүй хуралдах юм байна.