8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газраас "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл"-д санал авч байна

2023-04-15 10:37:00

Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүний тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.  
 
Мөн Улсын Их Хурал 2022 оны 34 дүгээр тогтоолоороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах сэдвийн хүрээг тогтоож үүндээ хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих зэрэг асуудлыг багтаасан байдаг. 
 
Улсын Их Хурлаас 2023 оны 1, 2 дугаар сард зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын дүнг үндэслэн гаргасан Зөвлөмжид иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлж төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх талаар, Монгол Улсын Их Хурлын сонгуулийг явуулахдаа мажоритар болон пропорциональ аргыг хослуулах нь зүйтэй талаар тус тус дэмжсэн дүн гарчээ.  
 
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсрууллаа. Энэ төсөлд Улсын Их Хурлын 2022 оны 34, 54 дүгээр тогтоол, “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг баримтлан хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаатай хангах, сонгуулийн холимог тогтолцоог тусгах, иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлэх, хөдөөгийн сэргэлтийг дэмжих, хэт төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн өөрчлөлтийг тусгалаа. 
 
Татаж авах: 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл: Татаж авах

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл (энгийн): Татаж авах

Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй танилцан санал, зөвлөмжөө Монгол Улсын Засгийн газарт info@cabinet.gov.mn хаягаар ирүүлэх, эсвэл 51-263054 дугаарын утсанд залган саналаа ирүүлээрэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment