8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын Засгийн газар, Катар Улсын Засгийн газар хоорондын “Агаарын харилцааны хэлэлцээр”-ийг баталлаа

2023-04-27 11:10:00

Засгийн газрын /2023.04.26/ хуралдаанаар Монгол, Катар хоёр улсын хоорондын “Агаарын харилцааны хэлэлцээр”-ийг эцэслэн баталлаа. Өнгөрөгч гуравдугаар сард хоёр тал тус хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Уг хэлэлцээр Монгол Улсын Засгийн газар бусад улсын засгийн газартай байгуулсан 40 дэх хэлэлцээр юм.

Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэж болох бөгөөд аялал жуулчлал, бизнес, худалдаа, эдийн засгийн харилцаа хөгжих маш том боломж бий болж байгаа юм.
Монголын талаас “МИАТ” ТӨХК Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн А/22 тушаалаар Улаанбаатар-Доха чиглэлд томилогдсон.

Мөн Улаанбаатараас Ойрхи дорнод, Хойд Африк, Булангийн орнууд руу зорчигч болон ачаа тээвэрлэх, монголчууд “Qatar Airways”-ээр үйлчлүүлэх боломжтой боллоо.

“Qatar Airways” компани нь өдгөө 90 улсын 150 чиглэлд нислэг үйлддэг. Өнгөрөгч 2022 онд л гэхэд тус авиа компаниар 18.5 сая зорчигч үйлчлүүлж, 2021-2022 оны санхүүгийн жилд нийт 5.6 тэрбум риал буюу 1.54 тэрбум ам.долларын цэвэр ашиг олж, дээд амжилт тогтоосон дэлхийн шилдэг агаарын тээвэрлэгч юм.

Түүнчлэн манай улс “Qatar aeronavigation academy”-тай хамтран ажиллах боломжтой болж байгаа юм. Тус академи нь дэлхийн өнцөг булан бүрээс боловсон хүчнийг бэлтгэж, эрдэм шинжилгээний болон үйл ажиллагааны хувьд мэргэшүүлэх санаачлагыг гаргасан.

Мөн нисгэгч, нисэх онгоцны засвар үйлчилгээний инженер, нислэгийн удирдагч, цаг уурч, нисэх онгоцны буудлын ашиглалтын удирдлагын ажилтан, аюулгүй байдал болон цагаачлалын ажилтнуудад зориулсан сургалтуудыг зохион байгуулахаас гадна нисэхтэй холбоотой олон төрлийн мэргэжлээр богино хэмжээний сургалт, IDP IELTS-ийн сургалтыг мөн зохион байгуулдаг байна.

Ийнхүү Монгол, Катар хоёр улсын “Агаарын харилцааны хэлэлцээр” батлагдсанаар маш өргөн хүрээний ач холбогдол бүхий боломжууд нээгдэж байгаа юм гэж Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment