8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрдэнэс Тавантолгой”-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуустал иргэдэд ногдол ашиг тараахгүй

2023-04-28 14:52:00

Өнгөрсөн оны төгсгөлд болсон нүүрсний хулгайчдыг эсэргүүцсэн жагсаал болон Цагаан сарын баярын өмнө иргэдийн зүгээс "Эрдэнэс-Тавантолгой" 1072 хувьцааныхаа ногдол ашгийг авах хүсэлтээ илэрхийлсэн. Тухайн үед Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийхдээ "1072 хувьцаатай холбоотой асуудлаар "Эрдэнэс-Тавантолгой" компани илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх. Ямар хэмжээнд ногдол ашиг хуваарилах нь компанийн хэр зэрэг ашигтай ажиллаж байгаагаас шалтгаална. Жил бүр ногдол ашиг хуваарилаад явна. Засгийн газраас "Эрдэнэс-Тавантолгой компанид томилсон бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат даргын хэлж байгаагаар бол ирэх дөрөв, тавдугаар сард иргэдэд ногдол ашиг хуваарилахаар төлөвлөчихсөн байгаа юм билээ" гэсэн юм. Түүний хэлсэн хугацаа болсон ч одоогоор ногдол ашиг тараах эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхой бус байлаа.

Харин "Эрдэнэс-Тавантолгой компанийн бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбатын бүрэн эрхийн хугацааг саяхан УИХ-аас сунгах үеэр тэрээр "Жилд 10 сая тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг 2021 оны тавдугаар сард барьж эхэлсэн. Үйлдвэрийн барилгын ажил одоогийн байдлаар 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. 2024 оны зургаадугаар сард ашиглалтад оруулах ёстой. Төлөвлөсөн хугацаанаасаа нэг өдрийн ч өмнө оруулах хэрэгтэй байна. Тиймээс бид гүйцэтгэгчдээ шаардлага тавин ажиллаж байгаа. Нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад оруулчихвал бид нэмээд 60-80 ам.долларын орлого олох боломжтой. Бид 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Тус компанийн 18.4 хувийг 2012 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгаа. Тухайн хүмүүст ногдол ашиг гэж 100 мянга орчим төгрөг тараах нь зөв үү, нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад оруулахад хөрөнгө оруулалт хийж, нэмэлт орлого олох уу гэдэг сонголтыг хийх ёстой болоод байна.

Өмнө нь 2019 онд нэг хүнд ногдол ашиг гэж 96 мянган төгрөг тараасан юм билээ. Бүтээгдэхүүний чанарын асуудал яригдаж буй учир бүх зүйлийн гаргалаа бол угаах үйлдвэр. Уг үйлдвэрийг л яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй. Үүнийг бид зорьж ажиллаж байна" гэсэн юм. Ж.Ганбат даргын энэхүү байр суурь "Эрдэнэс-Тавантолгой" компани нүүрс угаах үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулж илүү их ашиг олох уу, эсвэл 1072 хувьцаа эзэмшигчиддээ 100 мянган төгрөгийн ногдол ашиг тараах уу гэсэн сонголтын өмнө ирсэн юм байна. Засгийн газар энэ хоёр сонголтын нэгийг удахгүй хийх нь гэсэн ойлголт олон нийтэд бий болсон.

Мөн "Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчид болон ТУЗ-ийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ гэсэн хүлээлт олон нийтийн дунд байсан юм. Гэвч өнөөдөр болж буй хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцсэнгүй. Хурлдын үеэр "Эрдэнэс-Тавантолгой компанийн бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат "“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгасан. Компанийн 84 хувь нь төрийн, 14 хувь иргэдийн мэдэлд байдаг. Өнөөдрийн нөхцөл байдлаар иргэн бүрд ногдол ашиг тараах шаардлага байгаа. Ашигтай ажиллах шаардлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Ногдол ашиг тараах асуудлыг онцгой дэглэмийн хугацаа дуусах хүртэл ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэхгүй. Онцгой дэглэмийн хугацаа дууссаны дараа ногдол ашиг тараах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын иргэн бүрд хувьцаа эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэнэ" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment