8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрт илрүүлгээр зонхилон илэрсэн өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн салбарын бодлогыг чиглүүлнэ

2023-05-01 12:57:00

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ээлжит "Өглөөний уулзалт" Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт боллоо. Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийслэлийн 25, орон нутгийн таван өрхийн эмч оролцож, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.
Ерөнхий сайд цар тахлыг даван туулж, орон даяар эрт илрүүлгийг амжилттай зохион байгуулж буй эрүүл мэндийн салбарынханд  талархал илэрхийлээд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан тус салбарын шинэчлэлийн талаар танилцуулав. Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж, нэг сая хүн хамрагдаад байна.


Эрт илрүүлэгт хамрагдсан 0-17 насныхны 76 хувьд  шүд цоорол, 18-60 насны иргэдийн 18.7 хувь нь ходоод, 61-ээс дээш насны иргэдийн 22 хувь нь ходоодны үрэвсэлтэй гарсан. Засгийн газар зонхилон илэрсэн өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн салбарын бодлогыг чиглүүлэн ажиллаж байна. Тухайлбал, 2024 оноос “Шүд” төслийг хэрэгжүүлэхээр болсныг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Мөн эрт илрүүлгийн зохион байгуулалтыг илүү сайжруулах, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд иргэдтэй өдөр бүр тулж ажилладаг эмч нарын санал туйлын чухал гэдгийг онцоллоо. Иргэн бүр эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, эрүүл мэндийн боловсрол мэдлэгтэй болоход өрхийн эмч, ажилтнууд зөвлөгөө мэдээллээр хангаж тусалж ажиллахыг хүслээ.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний эрх зүйн орчны шинэчлэл" сэдэвт илтгэл тавилаа. "Улсын хэмжээнд 207 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж, 3614 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын дундаж цалин 1.5 сая төгрөг,  ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудын дундаж цалин 2.3 сая төгрөг байна. Цаашид гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог илүү ил тод болгох, шалгуур үзүүлэлтийг  бодит байдалд нийцүүлэх, нийгмийн эрүүл мэнд болон анхан шатны тусламж үйлчилгээний санжүүжилтийг нэмэгдүүлэх  зохицуулалт хийнэ" гэв.
Өрхийн эмч нар сум, өрхийн эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөц дутагдалтай, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны шаардлага, шалгуурт үзүүлэлтийг бодит байдалд нийцүүлэн зохицуулах, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Өрхийн эрүүл мэндийн төвийн дунд байгуулдаг гурван талт гэрээг эргэн харах, эмч ажилтнуудын ашиглаж буй программыг цөөлөх, лавлагаа шатлалын эмнэлэгтэй мэдээлэл солилцох урсгалыг хялбаршуулах, эрт илрүүлэгт хамрагдаж буй 30-аас доош насны иргэдийн багц дахь үзлэгийн төрлийг нэмэгдүүлэх, ӨЭМТ-ийн байранд урсгал засвар хийх зэрэг санал хэллээ.
Тухайлбал,

Сэлэнгэ аймгийн "Хараа мандал" ӨЭМТ-ийн дарга О.Бүрэнжаргал: Сэлэнгэ аймаг өрхийн эрүүл мэндийн  таван төвтэй. Манай эмнэлэг  дөрвөн их эмч, долоон сувилагчийн орон тоотой боловч одоогоор хоёр эмч  л ажиллаж байна. Нэг нь би, нөгөө нь тэтгэврийн насны хүн. Хөдөө орон нутагт, анхан шатанд ажиллах хүний нөөцийг бодлогоор дэмжээсэй гэж хүсэж байна. Гэр бүл төлөвлөлтийн талаар сургалт зөвлөгөөг боловсролоор дамжуулж өгмөөр байна. Өрхийн эмнэлгүүд санхүүжилтийнхээ 20 хувийг программ шивсэн эсэхээс шалтгаалж авдаг. Ихэнх цагаа хүнд хүрч үйлчлэхээс илүү бичиг цаасанд зарцуулж байна.


БЗД-ийн "Мараната" ӨЭМТ-ийн их эмч Э.Алтанзул: Манай эмнэлэг 15 эмч, ажилтантай, 9035 хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үйлчлэх хүрээний хүн ам 100 хувь гэр хорооллынх, эмзэг, зорилтот бүлэг ихтэй. Ер нь анхан шатанд олон төрлийн программ хэрэглэдэг, ачаалал ихтэй, гацдаг. Үүнийг шийдвэрлэх шаардлагатай. Манай эмнэлэг программд шивэлтээс шалтгаалан санхүүжилтийн 20 хувиа авч чадахгүй байгаа, энэ асуудалд анхаарч өгнө үү гэлээ.
Эмч нарын санал, хүсэлтийг холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж, шийдвэрлэлтэд нь анхаарч ажиллахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

​​​​​​

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment