8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндсэн хуульд холимог тогтолцоог сонгож, гишүүдийн тоог нэмэхээс өөр өөрчлөлт оруулахгүй

2023-05-03 12:32:00

Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.

Д.Амарбаясгалан: -Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн нэг дэх заалтад өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлж байна. Уг төсөлд УИХ нэг танхимтай байна, УИХ-ын 76 гишүүнийг мажоритар, 76-г нь пропорционал аргаар сонгоно гэдэг өөрчлөлтийг оруулна. Үндсэн хууль бол Монголын хүн амын эрх ашиг, урт хугацааны хөгжлийн зорилтыг хангах үндсэн үүрэгтэй, УИХ, Засгийн газар, шүүх засаглалын хоорондын харилцааг зохицуулдгаараа хүн бүрийн аж амьдралд хамаатай хууль. Монгол Улстай ижил гараанаас гарсан улстай харьцуулахад улсын болон хүн амын хөгжил, амьдралын чанар хангалттай хэмжээнд хүрч чадаагүй байна. Энэхүү томоохон өөрчлөлтийг авчрах сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх саналыг боловсрууллаа. Тухайлбал, Засгийн газар хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ барьж чаддаггүй нь сонгуулийн мажоритар тогтолцооноос хамааралтай. Тэгвэл өнөөдөр Засгийн газраас өргөн барьж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд парламентын гишүүдийн 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорционал аргаар сонгогддог болохыг тусгаснаараа онцлог. 

Манай улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд дунджаар 15 гишүүнтэй байж ирсэн. Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүний ажил албан тушаалыг эрхлэхэд УИХ-ын гишүүний үйл ажиллагаанд тодорхой хэмжээний доголдол үүсэж байсан. Үндсэн хуулийн цэцээс Засгийн газрын гишүүнээр ажиллах боломж УИХ-ын гишүүнд нээлттэй байх ёстой. Үүний хажуугаар УИХ Засгийн газарт хяналт тавих боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Олон улсын жишгээс харахад парламентын гишүүний тоо бага байгаагаас уг асуудал үүсэж байгаа.

Гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж байгаа нь Монгол Улсын парламентын сонгуулийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана. Сонгуулийн холимог тогтолцооны эхлэлийг тавьж байна. Энэхүү тогтолцоог дан ганц өнөөдөр яриагүй. Парламентын гишүүд хэт цөөн болохоор эрх мэдэл төвлөрдөг гэж олон улсад үздэг. Тиймээс дунджаар 152-оос дээш парламентын гишүүнтэй байх чиг хандлагыг баримталж байна. Уг төслийг УИХ гурван удаа хэлэлцэнэ. Мөн иргэдтэй уулзаж, саналыг нь хүлээн авна.

Х.Нямбаатар: -Үндсэн хуулийн цэцийн 2022 оны нэг, хоёрдугаар тогтоол гарсантай холбогдуулж УИХ-ын 54 дүгээр тогтоол гаргасан. Мөн 34 дүгээр тогтоолыг баталсан. 34 дүгээр тогтоолын хувьд зөвлөлдөх санал асуулга явуулах тухай юм. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах, дэвшилтэт сонгуулийн системийг судалж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулахыг 54 дүгээр тогтоолоор УИХ-аас Засгийн газарт даалгасан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар явуулсан зөвлөлдөх санал асуулгын хүрээнд олон санал гарч ирсэн. Засаглалын хэлбэр, шүүх эрх мэдэл гэх мэт. Эдгээр асуудлыг бүгдийг нь хөндөнө гэвэл томоохон өөрчлөлт хийх, олон нийтийг талцуулах хэлбэр рүү орох байсан юм. Иймд эхний ээлжид баримталж буй хоёр тогтоол, журмынхаа хүрээнд тоо, тогтолцооны асуудлыг хөндөхөөр болсон. Харин дараагийн парламент илүү олон талын төлөөлөлтэйгөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг өргөжүүлэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

1992 онд УИХ-ын гишүүн 23 мянган иргэнийг төлөөлөхөөр 76 гэдэг тоо гарч ирсэн. Харин өнөөдрийн статистикаар Монгол Улсын хүн ам 3.4 орчим сая байгаа нь нэг гишүүн 45 мянга орчим иргэнийг төлөөлж байна.

​​​​​​

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment