8o
Улаанбаатар хот
mobile menu

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ӨНӨӨДӨР БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСАД АЙЛЧИЛНА

2023-05-11 11:52:00

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 11-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсад айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чехийн Гадаад хэргийн сайд Ян Липавскийтай хэлэлцээ хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Мөн Чех Улсын Сенатын танхимын дарга, Шадар сайд, Үйлдвэр, худалдааны сайдтай тус тус уулзалт хийж, хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг бэхжүүлэх талаар ярилцана.

Геологи, уул уурхайн салбарт манай улс өмнө нь чехийн талтай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн түүхтэй бөгөөд түүнийг сэргээх, эрчимжүүлэхийг зорьж,  геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах баримт бичгийг айлчлалын үеэр байгуулна.

Сайд Б.Батцэцэг монгол иргэдтэй мөн уулзалт хийж, иргэдээс тавих хүсэлт, саналын талаар дэлгэрэнгүй ярилцана. Тухайлбал, энэ оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилт, Чех Улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, тэтгэврийн асуудлаар санал солилцоно.

Бүгд Найрамдах Чех Улсад манай 12 мянга гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, оршин сууж байгаа нь Европтоо тэргүүлж буй үзүүлэлт юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment