8o
Улаанбаатар хот
mobile menu

ПРОКУРОР: ХБ-ны ТУЗ-ийн дарга Б.Даажамба, "Бэрэн групп" ХХК-ийн захирал Б.Мөнхтөр нар 2018 онд Хонконг руу хамт зорччихоод ирсэн

2023-05-15 16:27:00

Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд 21 дэх өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрийн шүүх хуралдаанаар "Бэрэн групп" ХХК-ийн гурван зээлтэй холбоотой хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав. 

Энэ үеэр тус компанийн зээлтэй холбоотой хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Прокурорын шинжлэн судалсныг хүргэе. 

"2022 оны тавдугаар сарын 9-ний өдөр "МИАТ ТӨХК"-ийн 780 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээлэлд зорчигч Б.Даажамба нь "289 248 01 10 189" дугаартай билетийг 2018 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр "Аеро маркет" ХХК-аас 1,980,700 төгрөгийн бэлэн мөнгөөр, зорчигч Б.Мөнхтөр нь "289 241 020 58 93" дугаартай  билетийг 2018 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр тасалбар түгээгүүрийн төвөөс 1,825,100 төгрөгөөр, "Бэрэн групп" ХХК-аас 4,608,600 төгрөгийг шилжүүлж тус худалдан авсан. 

Зорчигч Б.Даажамба, Б.Мөнхтөр нар нь дээрх билетээр 2018 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр ОМ298 дугаартай нислэгээр Хонконг-Улаанбаатар чиглэлд зорчсон талаар мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Б.Даажамба, "Бэрэн групп" ХХК-ийн захирал Б.Мөнхтөр нар Хонконг-Улаанбаатар чиглэлд хамт зорчсон талаарх нөхцөл байдал харагдаж буйг цохон тэмдэглүүлье. 

Мөн Хил хамгаалах газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн албан бичгээр Б.Даажамбын Монгол Улсын хилээр орсон гарсан талаар лавлагаа ирүүлсэн байдаг. Үүнд И1019954 дугаартай гадаад паспортоор 2018 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр хилээр гарч, арванхоёрдугаар сарын 2-ны өдөр буцаж ирсэн. 

Харин Б.Мөнхтөр нь 2018 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын хилээр гарч, арванхоёрдугаар сарын 2-ны өдөр буцаж орж ирсэн гэх нотлох баримт байна" хэмээн танилцууллаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Даажаа
Даажамба гэгч хулгайчаа шоронд хий Аавынхаа нэрийг барьж Их сургууль Сангийн яаманд орсон хулгайч
2023/05/16 103.9.90.130