8o
Улаанбаатар хот
mobile menu

Багш нарт 25 хүртэлх хувийн нэмэлт урамшуулал олгоно

2023-05-16 00:00:00

Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлох үнэлгээг улсын хэмжээнд энэ сарын 16-19-ний өдрүүдэд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр /2023.05.13/ мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат “Ерөнхий боловсролын сургалтын байгууллага, багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх хөндлөнгийн үнэлгээ Монгол Улсад энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үнэлгээний ажил нь сургууль болон багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан багшийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, урамшуулал, нэмэлт санхүүжилт олгох төсвийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй гэдгээрээ онцлогтой.

Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг дараах дөрвөн шалгуур, 13 үзүүлэлтийн хүрээнд багцлан үнэлэхээр төлөвлөж байна. Үүнд, суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны үр дүнгийн ахиц, үр дүн, суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн, багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн, сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр гэсэн шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд үнэлгээг хийнэ.

Харин ерөнхий боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг хийхдээ сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчийн хөгжил, хамгаалал, багш, ажилтны тасралтгүй хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа, сургалтын орчин бүрдүүлэлт, удирдлагын манлайлал, менежмент, сургалтын байгууллагын талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамж гэсэн зургаан шалгуур үзүүлэлтийн хүрээнд үнэлнэ” гэлээ.

Ерөнхий боловсролын сургалтын байгууллага, багшийн ажлын гүйцэтгэлийг дээрх шалгуур, үзүүлэлтийн хүрээнд хөндлөнгийн үнэлгээний арга хэрэгслээр үнэлэх аж. Өөрөөр хэлбэл тухайн багшийн ажлын гүйцэтгэл үр дүнг багш өөрөө, хамт олон, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, заах аргын нэгдлийн ахлагч, нийгмийн ажилтан, сургалтын менежер, захирлын оролцоотойгоор үнэлэх бол  сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, хамт олон, орон нутгийн боловсролын газар, хэлтэс, сургуулийн үнэлгээний багийн оролцоотойгоор үнэлэх юм байна.

2023 оны гүйцэтгэлийн үнэлгээнд төрийн болон төрийн бус өмчийн 705 сургуулийн 30077 багш  хамрагдах бөгөөд багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг нийслэл, аймгийн төв, сум-багийн төв гэсэн 3 байршил тус бүрд судлагдахуун болгоноор индексийн 6 түвшинд бүлэглэн тооцож, I-IV түвшинд үнэлэгдсэн багшид 10-25 хувийн урамшуулал олгохоор төлөвлөж байгаа гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат онцоллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment