Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулж буй Азийн физикийн 23 дугаар олимпиад эхэллээ.
Төрийн ордонд болсон олимпиадын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, улс орноо төлөөлөн оролцож байгаа сурагчдад амжилт хүсэн ерөөв.
Тэр бээр Ази тивийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчид, алдар нэрээ дуурьсгах эрдэмтэд, хүн төрөлхтний мэдлэгийн санг арвижуулах судлаачид, шинжлэх ухааны хөгжлийг урагшлуулах шинэ нээлтийн эзэд олимпиадад оролцогчдын дунд олон байгаа гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.
Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Азийн физикийн олимпиадын хорооны Ерөнхийлөгч, профессор Лион Чуан Квик, Монголын Физикийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Азийн физикийн 23 дугаар олимпиадын зохион байгуулах хорооны гишүүн, академич Ж.Даваасамбуу нар мэндчилгээ дэвшүүлж, сурагчдад амжилт хүслээ.
Азийн физикийн 23 дугаар олимпиадад 27 орон, түүний дотор Монгол Улсын хоёр баг оролцож байна.
Мөн Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Тажикстан Улс багаараа, ажиглагчаар Бүгд Найрамдах Болгар Улс, Малайз Улс оролцож байна.
Монголын 16 сурагчийн бүрэлдэхүүнтэй хоёр багийг МУИС, Грийн сургуулийн багш нар дасгалжуулж байна.
Сурагчдын 10 нь Нийслэлийн ерөнхий боловсролын нэг, 11 дүгээр сургууль, Сант, Орчлон, Шинэ үе, Шинэ Монгол сургуульд суралцдаг. Зургаан сурагч Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар аймгаас иржээ.
Монгол Улс Азийн физикийн 23 дугаар олимпиадыг зохион байгуулснаар физикийн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, Ерөнхий боловсролын сургуулиудын физикийн хичээлийн хүртээмжийг сайжруулах, туршилт хийх лабораторитой болох зэрэг эерэг нөлөө үзүүлэх юм.
Олимпиад нь физикийн боловсролын чанарыг үнэлэх, түвшин тогтоох, физикт авьяастай, ирээдүйтэй хүүхэд залуусыг дэмжих, бүс нутгийн олон төрлийн соёлтой танилцах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Мөн физикийн шинжлэх ухааныг сурталчлан таниулах, физикийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, физикийн шинжлэх ухааныг сонирхон судлагчдыг дэмжих, олон улсын хэмжээнд өрсөлдөх боломжийг нээнэ.
Азийн физикийн олимпиадыг цар тахлын улмаас сүүлийн хоёр жил цахимаар зохион байгуулжээ.
ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН
- 2023/05/22 12:08:43Азийн физикийн 23 дугаар олимпиад Улаанбаатар хотноо эхэллээ
- 2023/05/22 9:27:01БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов
- 2023/05/21 10:40:01Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар мэдээлэл хийв
- 2023/05/21 10:31:50Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс Хамтарсан тунхаглал гаргав
- 2023/05/21 9:13:44Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв
- 2023/05/21 8:41:31БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макроны төрийн айлчлал эхэллээ
- 2023/05/21 7:24:49БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв
- 2023/05/19 3:13:58Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: Сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай байна
- 2023/05/18 11:18:49“Тэрбум мод” сангаас 34 төсөлд нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгоно
- 2023/05/17 11:19:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Дархан-Уул аймагт ажиллалаа