8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын сонгуулийн тухай хуульд аль нэг хүйсийн квот 40%-иас доошгүй байхаар батлахыг дэмжиж буй иргэний нийгмийн байгууллагуудын УРИАЛГА

2023-06-14 13:13:00

ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ

зураг

 

Б.Бадрал, Монголын Эмнести Интернэшнл төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн

Улсын Их Хурлын гишүүд нь Монголын ард түмний төлөөлөл болохын хувьд Монголын нийгмийн толь байх учиртай. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд, залуучууд, нийгмийн цөөнх, малчид гэх мэт төлөөлөл нийгэмд эзэлж буй хувь хэмжээтэйгээ ижил Улсын Их Хурлыг бүрдүүлдэг байх ёстой . Одоогийн гэлтгүй манай үе үеийн Парламентын гишүүд нь 45-аас дээш насны мөнгөтэй, эрх мэдэлтэй эрэгтэй хүмүүсийн дийлэнхийн төлөөлөл байсаар ирсэн.

Ц.Монголхатан, ХБНГУ-ын Бремэний их сургуулийн олон улсын эрх зүйн магистр, Бодлогод залуусын хяналт ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн

Монголын хүн амын 51 хувь эмэгтэйчүүд байдаг. Хүн амын хамгийн том бүлэг улс төрд төлөөллөө олоогүй байгаа нь манай өнөөгийн улс төрийн бодлого хүн амын хэрэгцээнд нийцээгүй шийдвэр гаргадгийн гол шалтгаан болж байна. Энэ байдлыг өөрчлөх гол түлхүүр бол нэр дэвших 40 хувийн квотыг Улсын Их Хурлаас батлах нь өнөөгийн түүхэн тэгш бус байдлыг халах дэвшилтэт алхам болох юм. Манай улс бол Скандинавийн орнуудтай адил нийгэм, эдийн засгийн хувьд эмэгтэйчүүдийн оролцоо хамгийн өндөр байдаг түүхэн онцлогтой бөгөөд эдгээр орон эмэгтэйчүүдийн хүчээ улсын хөгжилдөө зөвөөр ашиглаж, 40 хувийн квотыг хэрэгжүүлснээр Швед, Норвеги, Дани, Финланд улсууд хамгийн тогтвортой хөгжилтэй улс орон болон хөгжиж байна.

Г.Доржжанцан, Австралийн Мэлбүрний Их Сургуулийн НЭМ-ын докторант, нийгмийн эрүүл мэндийн судлаач

Хувь хүний ялгаатай байдал (хүйс болон бусад) түүн дээр үндэслэсэн амьдралын туршлага гэдэг зүйл улс төрийн шийдвэр гаргах үйл явцад хамгийн үнэ цэнтэйд тооцогддог. Эр, эм болон бусад жендэрийн ялгаатай байдлаас үл шалтгаалан иргэн нэг бүрийн амьдралд бодит нөлөө үзүүлэх төрийн бодлого, хууль тогтоомжийг олонхоор эрчүүд төлөөлөн шийдэх нь нийгэм дэх тэгш бус байдлыг даамжруулсан оновчгүй шийдвэрт хүргэх шалтгаануудын нэг болдог. Хүн амын тал хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн оролцоог тэнцүүлэх нь тэгш эрхийн зарчмын нэг хэсэг төдийгүй төлөөллийн ардчилалтай Монгол Улсад иргэдийнхээ төлөөллийг хангаж буй хэрэг. Байгууллагын түвшинд ч шийдвэр гаргагчдын хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах нь тухайн байгууллагын тогтвортой байдал төдийгүй ажилчдад ээлтэй шийдвэрт хөтөлдөг эерэг үр дүнтэй байдгийг жендэрийн судалгаанууд харуулдаг.

Нөгөө талаас 40 хувийн квот нь органикаар өрсөлдөөд чадлаараа гарч ирэх боломжийг Монголчилж буруу тийш нь хөтөлж байна гэх шалтгаанаар эсэргүүцэж байгаа нь системийн өөрчлөлт хийхээс цааргалж одоогийн оновчгүй шийдвэрүүдийг үргэлжлүүлэх нөхцөл рүү чиглүүлж байна гэж хэлж болно. Хүйсийн квотыг тогтоох үйл явц дан ганц Монголд биш дэлхий даяар аажим өрнөж буй үйл явц бөгөөд 2022 оны байдлаар нийт 137 оронд квотын системийг ашигладаг. Харин Монголд эмэгтэйчүүдийн оролцоо 17%-ийг арай гэж эзэлж байгаа нь бүсийн дунджаас ч доогуур байдаг. Хэдэн зуун жилийн түүхтэй хүйсээс шалтгаалсан тэгш бус оролцоог системийн өөрчлөлтгүйгээр өөрчлөх ямар ч боломжгүй. Харин ч квотын хувийг өсгөж тэнцүүлэх биш ядаж дөхүүлэх гэж буй энэхүү оролдлогууд органикаар бий болсон олон жилийн тэгш эрхийн төлөөх тэмцлийн үр дүн гэж бодож байна.

Р.Нарангэрэл, 1996-2000 оны УИХ-ын гишүүн, Иргэний боловсрол төвийн Захирал

Ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэхээ Үндсэн хуульдаа тунхагласан Монгол улс төлөөллийн шударга зарчмыг хэрэгжүүлэхэд өнөөгийн нөхцөлд эмэгтэйчүүдийн квот зайлшгүй хэрэгтэй болоод байна. Түүнээс багагүй чухал нь нэр дэвшигч эмэгтэйчүүд эвсэх явдал юм. 1996 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн улс төрийн намуудаас нэр дэвшсэн эмэгтэйчүүд эвсэл байгуулан бие биеэ дэмжиж ажилласан тул 8 эмэгтэй сонгогдож байсан. Өмнөх парламент гуравхан эмэгтэй гишүүдтэй байсан билээ.

Я.Мөнхчимэг, “Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Дэд зохицуулагч

Тогтвортой хөгжлийн зорилго 4-ийн хувьд "хэнийг ч үл орхих" зорилтыг хэрэгжүүлэхэд жендэрийн эрх тэгш байдал чухал тул Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулга дахь 30.2; 30.5 дахь заалтыг хүйсийн квот 40 хувь, жагсаалтын харьцаа 1:1 дэмжиж байна. Төрөлт, хүн амын өсөлттэй нягт уялдах ёстой сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй байх бодлого, төлөвлөгөө өнгөрсөн хугацаанд орхигдсоор ирсэн. Улмаар нэг ангид суралцах суралцагчийн тоо хэтэрч, багшийн ажлын ачаалал нэмэгдсэн ч цалин хөлс сайжраагүй нь, нэг суралцагчид ногдох зардал нэмэгдэхгүй байгаа нь боловсролын чанарыг бууруулсан. Хүүхдэд, ялангуяа хүүхдийн боловсролд зарцуулсан төсвийн мөнгө нь хувь хүний болон улс орны ирээдүйд оруулсан хөрөнгө оруулалт болдог. Гэвч шийдвэр гаргах түвшинд дэх эмэгтэйчүүдийн дуу хоолой дутмагаас боловсролын чанар, эрх тэгш байдлыг сайжруулах зорилт хойш тавигдсаар ирсэн нь хүн бүрийн амьдралын чанарыг доройтуулсаар байна.

З.Энхбаяр, Монголын Залуучуудын Эвслийн Гүйцэтгэх захирал

Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч. Тэд бидний бодит төлөөлөл байх талаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулна хэмээн эрх баригч нам амлан, одоогийн нэмэлт өөрчлөлт хийсэн. Өнөөдөр хүн амын талаас илүү хувь эмэгтэй байхад тэдний төлөөлөл 30 хувь байна гэдэг зохицуулалт буруу, явцуу ашиг сонирхол илэрхийлж байна. Угтаа аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувь, нийгмийн цөөнх бүлэгт 10 хувийн квот өгч ажиллах уу гэж хэлэлцэх ёстой. Ийнхүү ярилцахгүй, сонсохгүй, шийдэхгүй бол бидний хүсэж байгаа хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход 163 жил зарцуулна гэсэн судалгаа биелэх нь.

зураг

 

Д.Энхжаргал, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээний зохицуулагч

Хоёрхон сарын өмнө улс төрийн 10 нам жендэрийн хариуцлагатай нам болно гэж амлалт өгсөн. Шийдвэр гаргах бүх түвшинд аль нэг хүйсийн төлөөллийг 40-өөс доошгүй хувь болгоно, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангана. Мөн Сонгуульд нэр дэвшүүлэх болон төрийн улс төрийн албан тушаалд томилохдоо хүйсийн тэгш байдлыг хангах, гарааны тэгш нөхцөлийг бүрдүүлэх, санхүүжилтийн арга механизмыг бүрдүүлнэ гэж амласан. Эдгээр амлалтаа биелүүлэх эсэхийг иргэд, иргэний нийгмийн байгууллагууд анхааралтай ажиглаж байна.

Г.Сүхбат, Монголын Эмнести Интернэшнлийн Өсөлт, Хөгжил хариуцсан зохицуулагч

Монгол улсын Үндсэн хуульд хүн бүр сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл сонгогдох эрх хүйсээс, наснаас болон бусад хүчин зүйлээс хамааран тэгш боломжгүй байна. Квотын тэнцвэртэй байдал бол эрх ямба биш. Тогтолцооны өөрчлөлтийг бодитой, үр дүнтэй хийе ээ л гэж байгаа бол эмэгтэйчүүдийг квотыг 40%-иар батлах ёстой.

Э.Энхмаа, ЛГБТ төв ТББ-ын Захирал

Тэгш эрхийн төлөөх хөдөлгөөн Монголд хүчтэй өрнөж, парламентад эмэгтэйчүүд болон эрэгтэй хүйсийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд тэнцвэртэй болгох түүхэн мөч ирснийг ЛГБТИК хүний эрхийн хөдөлгөөн анхааралтай ажиглаж байна. Бидний хувьд Үндсэн хуулиар хамгаалагдсан “сонгогдох эрх”-ээ эдлэх талаар ярихад тогтолцоо бэлэн болоогүй ч нийгэм үргэлж хувьсан өөрчлөгдөж, ахиц дэвшилд хүрэх нь хүмүүн бидний мөн чанар гэдэгт итгэдэг. Иймээс эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөний олон жилийн тэмцлийн үр дүн одоогийн парламент сонгуулийн холимог тогтолцоо, хүйсийн 40 хувийн квотыг хуульчлах нь ирээдүйн парламент солонгорсон өнгөтэй болох томоохон дэвшил болж чадна гэж итгэж байна.

Г.Чинзориг, Хүчирхэг хөвгүүд төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх нь олон ач холбогдолтой гэж боддог. Жишээ нь, 2012-2016 оны УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг хэрхэн ажилласныг бид мэднэ. Тэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг батлуулж чадсан. Тиймээс УИХ-ын сонгуульд нэр дэвших хүйсийн квотыг 40-өөс багагүй хувьд хүргэх нь эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой эхний алхам юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/06/20 197.211.53.117
Чойбт
Аль нэг хүйс гэдэг нь эмэгтэйчүүдээс өөр бас хүйсийн асуудал байна гэсэн үг үү? Жендэрийн асуудал чинь саяхан болтол эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг хзгаарлаж байсан хөгжилтэй гэдэг орнуудын асуудал.
2023/06/15 99.245.226.126
  • Recent
  • Most Read
  • Most Comment