8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөрөнгө оруулагчдад 100 мянган ам.доллар байршуулах шаардлага тавихаа болино

2023-06-21 14:30:00

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

-----------------------------------------------------------------

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийн талаар та бүхэнд танилцуулъя. Ер нь өнгөрсөн хугацаанд  хөрөнгө оруулалтын хэмжээ 2011-2012 онд дээд хэмжээнд хүрээд түүнээс хойш Оюутолгойн хөрөнгө оруулалтыг эс тооцвол хөрөнгө оруулалтын хэмжээ хангалтгүй хэвээр байгаа. Энэ нь эргээд манай улсын эдийн засгийн өсөлт,  ажлын байрыг бий болгох, хөгжлийг түргэтгэхийн тулд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газар өнөөдөр  шийдвэрлэлээ.

Дөрөвдүгээр сарын 14-нөөс хойш 65 хоногийн дотор бүх хэлэлцүүлгийг хийж зохион байгуулсан. Нийт 120 гаруй байгууллагаас 695 санал авсан. Ирсэн саналаас 60 хувийг нь тусгасан. Үлдсэн хувь нь сэтгэгдэл хэлбэрийн санал байсан. Хэд, хэдэн зүйлээр өөрчлөлт оруулж байна. Тухайлбал,

Хөрөнгө оруулагч нарын гаргаж байгаа гомдлыг яаж шийдвэрлэх вэ. Хөрөнгө оруулагчийн гомдол шүүхээр 16 жил явсан тохиолдол ч бий.  Иймд хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх зөвлөлийг байгуулахаар болж байгаа.

Дундажлаад аваад үзвэл ямар нэгэн маргаан гарахад 6.2 жилийг шүүх дээр зарцуулдаг. Хөрөнгө оруулалт хийнэ гэж оруулж ирчихээд үүнийх нь 6.2 жилийг шүүх дээр өнгөрүүлбэл хөрөнгө оруулагч нарыг үргээх алхам болж байна.

Тиймээс хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх зөвлөлийг байгуулахаар болж байгаа. Үүнээс гадна хөрөнгө оруулагч өөрөө хүсвэл арбитрын шүүхэд хандах боломжтой. Хөрөнгө оруулагчид өөрсдөө хүсвэл арбитраар явах боломж нээгдэнэ. Хөрөнгө оруулахад саад тавьдаг зүйлсийг авч байгаа. Жилдээ төрөөс оруулдаг шалгалт хамгийн ихдээ хоёр байна. 

Хөрөнгө оруулахад саад бэрхшээл болдог заалтыг бүгдийг нь байхгүй болгосон. Тухайлбал, Монголд хөрөнгө оруулахын тулд заавал эхэлж дансанд 100 мянган ам.доллар байршуулдаг байсан. Үүнийг болиулсан. Дэлхийн улс орнуудыг аваад үзэхэд хөгжил багатай 24 орон мөнгө байршуулах зохицуулалттай байдаг. 

Төрөөс оруулдаг төрөл бүрийн хяналт шалгалтыг бизнес эрхлэгчид шүүмжилдэг. Шалгалт орж ирэхээрээ цуваад орж ирдэг. Давхардал, хийдлийг нь арилгахын тулд хуульчлаад жилдээ төрөөс орох шалгалт хамгийн ихдээ 2 байна гэж заасан.

Хуулийн өөрчлөлтийг наадмаас өмнө буюу Монгол Улсад болох эдийн засгийн форумын үед илүү сайн танилцуулна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment