8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-ын “Юхан-Кимберли” компани Тужийн нарсанд 10 сая мод тарьж ургуулаад байна

2023-06-23 16:15:11

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСУ-ын “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгч Чин Жэ Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тус компани “Зүүн хойд Азийн ойн форум” ТББ болон холбогдох яам, байгууллага, Сэлэнгэ аймагтай хамтран 2003 оноос Юхан-Кимберли Ой” ойжуулалтын төсөл хэрэгжүүлж Тужийн нарсанд 10 сая мод тарьж ургуулаад байна.

Түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор өнгөрсөн 20 жилийн хугацаанд Тужийн нарсны 3,520 га талбайд ойжуулалтын томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон гэдгийг “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгч Чин Жэ Сон хэлээд, монголчууд өмнөө тавьсан зорилтоо биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо.

Цаашид үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллаж, Монголын цаг агаарын нөхцөлд тохирсон эрүүл ой бий болгохоор төлөвлөснөө  тодотгов. Тус компани 1984 оноос хойш “Ногоон орчныг бүрдүүлэх үндэсний аян”  өрнүүлж, дотооддоо болон гадаадын улс орнуудад 55 сая гаруй мод тарьж ургуулаад байна.

Дашрамд дурдахад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш улсын хэмжээнд 14 сая гаруй мод тарьж, мод, сөөгийн үрийн нөөц 12.7 тн, тарьц, суулгацын нөөц 51.5 саяд хүрсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment