УИХ-ын чуулганаар өнөөдөр /2023.06.23/ Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Тэтгэвэр гэдэг урт хугацаандаа авч үздэг нарийн тооцоолол. Яг өнөөдөр таалагдах гээд байх хэрэггүй. Б.Пүрэвдорж гишүүний санаачилсан тэтгэврийг 7 биш 5 жил болгох нь хүмүүст таалагдаад байгаа юм шиг боловч маш эрсдэлтэй алхам шүү. Тооцоолж чадахгүй эрсдэлүүдээ та нар хялбараар тайлбарлаж байна.
Хожим тэтгэврийн даатгалын сан дааж чадах эсэх нь ч эргэлзээтэй. Ер нь 50 жилийн дараа ийм тэтгэврийн зардал гаргахад одоо ямар хуримтлал үүсгэх юм бэ гэсэн тооцоолол та нарт алга. 40 жил ажилласан багш хүн 2008 онд тэтгэвэрт гарсан хүн 593 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. 5 жилээр тооцоход 1 сая 370 мянган төгрөгийн тэтгэвэр авна. 7 жилээр тооцоод 800 мянгаас дээш тэтгэвэр авч байгаа хүмүүсийх бүр их нэмэгдэнэ.
Жилд дунджаар 40 мянган хүн тэтгэвэрт гардаг. Үүнээс сүүлийн 7 жилд 3000 нь тэтгэврээ өндөр төлөөд насаараа 40 жил багшилсан хүнээс илүү авна гэсэн үг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өссөөр л байх болно. Ирээдүйд нийгмийн даатгалын санг дампууруулах юм хийж байна шүү. Өнөөдөр Б.Пүрэвдорж гишүүний санал зөв юм шиг дагаж бид попорч байгаад нийгмийн даатгалын санд маш том эрсдэл учруулах алхам хийж байна. Бусад чиглэлээр тодорхой ахиц, дэвшил байгааг үгүйсгэхгүй. Нийгмийн даатгалын санд үүрэлсэн хулгайг хааж орлогоо өсгөн арвижуулдаг тогтолцоо руу шилжихгүйгээр сан хэзээ ч үр ашигтай ажиллахгүй. Хамгийн том реформ хийх ёстой заалтууд алга.
Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд актуар тооцоолол хийдэг хүн байдаг гэдэгт би эргэлзээ төрчихлөө.
Гишүүдийн асуултад хариулж байгаа бүх байдал нь актуар тооцооллоо ойлгож байгаа, мэддэг хүн байгаа юм уу. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин Дэлхийн банкны судалгаа яриад байгаа. Энэ судалгаа 2030 онд нийгмийн даатгалын сан 30 их наядын алдагдал хүлээнэ гэсэн байсан шүү.
Дандаа түр орлон гүйцэтгэгч нар учраас хоноцын сэтгэлгээгээр хандаад байгаа юм шиг санагдлаа. Ирээдүйд нийгмийн даатгалын сангаа яаж үр ашигтай болгох вэ гэдэгт маш бага анхаарч.
Тэтгэвэр тогтоолгох 7 жилийг 5 болгох нь УИХ-аас баталсан төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлоготой нийцэхгүй байгаа. 2025 онд 10 жил болгох бодлого баримтлаад дунд нь 7 жил болгосон. Замын дундаас эргээд 5 жил рүү буцаж байна. Зөвхөн 10 жилээр ч биш нийт цалингийн дундаж индексжүүлсэн хувь хэмжээг бодож олохдоо хамгийн шударга байсан байх. Сүүлийн 5 жил НДШ-ээ өндөр төлөөд нийгмийн баян чинээлэг хэсэг илүү тэтгэвэр тогтоолгодог тогтолцоо руу орно.