Х дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт Боловсролын ерөнхий хуулийн хэлэлцүүлгээс ажлын гурав хоногийн завсарлага авч, бүлгээрээ хэлэлцэн гишүүдийнхээ байр суурийг нэгтгэхээр болсон юм. Завсарлагын хугацаа нь өнөөдөр дуусах учраас бүлгийн ээлжит хурлаараа уг асуудлыг хэлэлцлээ. Улмаар хэрхэн шийдсэн талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
Тэрээр "Англи хэлний асуудлыг сургалтын хөтөлбөрт тусгая гэж тогтож байна. Одоо байгаа сургалтын хөтөлбөрөөр гадаад хэлний хувьд нэг дэх хэл нь англи хэл байна. Бусад хэлийг сонгон хэлбэрээр үзэж болно. Нэгдүгээр ангиас эсвэл гуравдугаар ангиасаа тийм хэл сурна гэж бүх зүйлийг хуульчилж болохгүй. Хэддүгээр ангиас нь ямар хэл заах вэ гэдгийг боловсролын байгууллага нь шийдэх ёстой. Хүүхдийн нас, бие, сэтгэхүй, боловсон хүчин, сургалтын материаллаг байдал зэргийг харгалзан үзэж, хэддүгээр ангиас нь хэрхэн суралцуулахыг шийдэх нь зөв. Тиймээс сургалтын хөтөлбөрөөрөө үндсэн хэл, сонгон суралцах хэл гэдгээрээ явах нь зүйтэй гэж бүлэг үзлээ. Харин хууль хэрэгжүүлэх тогтоолдоо англи хэлний сургалтыг сайжруулах, болж өгвөл нэгдүгээр ангиас нь англи хэл заах бэлтгэлийг хангах чиглэлд анхаарах хэрэгтэй" гэлээ.