Үндсэн хуульдаа өөрчлөт оруулж жилийн дараа 126-уулаа болохоор шийдсэн УИХ яг одоо 73-уулаа ажиллаж байгаа. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг прокурорын саналаар бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн бол Ж.Мөнхбат өөрийнхөө хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзсан. Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нар хууль хяналтын байгууллагад шалгуулж гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Харин Ж.Мөнхбатын хувьд бүрэн эрхээсээ бүрэн чөлөөлөгдсөн. Ингэснээр түүнийг сонгосон Архангай аймгийн сонгогчид УИХ-д төлөөлөлгүй болсон юм. Үүнээс гадна Ё.Баатарбилэг гишүүнийг сонгосон мөн Архангайн сонгогчид УИХ-д төлөөлөлгүй болоход ойрхон байна. Учир нь, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон УИХ-ын дөрвөн гишүүнээс ганцхан Ё.Баатарбилэг гэм буруутайд тооцогдоод байгаа юм.
Шүүгч түүний хэргийг танилцуулахдаа "Шүүгдэгч Ё.Баатарбилэг нь УИХ-ын гишүүн буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа НВЦ компанийн Захирад Ц.Баатарбилэгийн Хөгжлийн банкны шаардлага хангахгүй атлаа зээл авах хүсэлтийг ашиг сонирхлын үүднээс УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хамааралгүй Хөгжлийн банкнаас НВЦ компани зээл авахад нь дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 2017 оны есдүгээр сарын 19-нд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хангарьд" ордны хойд талд Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246 сая 825 мянган төгрөгийн хахууль авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.4.6-д заасан улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах гэмт хэрэг мөн байх тул энэ зүйл ангид заасан гэмт хэрэгт гэм буруутай. Мөн 2017 оны тавдугаар сарын 18-нд Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны Сэлбэ хотхоны F байрны 38 тоот хаягт байрлалтай орон сууц авто зогсоолыг иргэн Ганбаатараас бэлэн 322 сая төгрөгөөр, 2017 оны аравдугаар сарын 27-нд 2014 онд үйлдвэрлэгдсэн 9699 УНО улсын дугаартай Лексус 570 маркийн аюто машиныг БНХАУ-ын иргэнээс бэлэн 133 сая төгрөгөөр тус тус худалдан авсан боловч Авлигын эсрэг хуулийн 10.2-т "Мэдүүлэг гаргагч нь өөрийн гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй" гэж заасныг зөрчиж АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахдаа дээрх орон сууцыг 250 сая төгрөгөөр авсан гэж худал мэдүүлсэн. Мөн Ё.Баатарбилэг хөрөнгө, орлого нь их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасан улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байна" гэсэн юм.
Гэм буруутайд тооцогдсон хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хурал ирэх даваа гариг буюу долоодугаар сарын 3-нд болно. Ё.Баатарбилэг гишүүний хувьд авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хөрөнгө, орлогоо буруу мэдүүлсэн зэргээр буруутгагдаад байна. Шүүхээс түүнд ял оноосон тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлнэ. Ингэснээр Ж.Мөнхбатыг сонгосон Архангайн 21 478 сонгогч УИХ-д төлөөлөлгүй болсон бол Ё.Баатарбилэгийг сонгосон тус аймгийн 21 849 сонгогч мөн төлөөлөлгүй болж, 20204 хүний саналаар сонгогдсон Г.Тэмүүлэн ганцаараа тойргоо төлөөлөх нь.
Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөнтэй холбогдуулан УИХ-ын нөхөн сонгуулийг зохион байгуулах ёстой. Энэ хуулийн хугацаатай ч уг хугацаа нь аль хэдийнэ өнгөрөөд байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9-д "Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана" гэсэн заалт бий. УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Түүнээс хойш 50 хоногийн дотор буюу өнгөрсөн тавдугаар сарын 13-наас өмнө УИХ Архангай аймагт явуулах нөхөн сонгуулийг товлон зарлах байлаа. Гэвч УИХ эс үйлдэл гаргаж нөхөн сонгуулийг товлон зарлаагүй. Ингэлээ гээд хэн ч хуулийн хариуцлага хүлээдэггүй. Тийм ч учраас энэ УИХ өмнө нь Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуулийг хуулийн хугацаанд нь зохион байгуулж байгаагүй юм. УИХ-ын гишүүн асан Д.Сумъяабазар 2020 оны аравдугаар сард бүрэн эрхээсээ татгалзаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон. Гэвч УИХ нөхөн сонгуулийг нь зарлахгүй байсаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу 2021 оны аравдугаар сард Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт нэгэн зэрэг нөхөн сонгууль явуулсан юм. Өөрөөр хэлбэл, хүсэхгүй бол хууль биелүүлэхгүй ч байж болно гэсэн ойлголт энэ УИХ-д тогтоод удаж буй. Энэ удаад ч хууль тогтоох дээд байгууллага эс үйлдлээрээ хууль зөрчсөн. Ё.Баатарбилэг бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн ч эс жил хүрэхгүй хугацааны дараа сонгууль болно гээд дахин эс үйлдэл гаргах магадлалтай. Уг нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд "Орон гарсан УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сар хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй" гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сараас бага хугацааүлдээгүй тохиолдолд заавал нөхөн сонгууль явуулах ёстой гэсэн үг.
2020 оны УИХ-ын сонгуулийн дүн Архангай аймагт дараах байдлаар гарч байлаа.