8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Санжаадорж: Иргэдийн тэтгэвэр хамгийн багадаа 10 хувь нэмэгдэнэ

2023-06-28 11:20:00

Засгийн газар 2023 оны төсөвт тодотгол хийсэн. Улмаар цалин тэтгэвэр шинэчлэн тогтоох тогтоолыг баталсан юм. Ингэснээр ирэх сараас нийт 480 мянга орчим тэтгэвэр авагчдын тэтгэвэрт өөрчлөлт орох юм. Түүнчлэн төрийн алба хаагчдын цалин болон зорилтот халамж ч нэмэгдэнэ. Мөн бүх хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор болсон билээ. Энэ талаар Сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадоржтой ярилцлаа. 

-Төсвийн орлого төлөвлөж байснаас давж биелсэн. Тиймээс төсвийн тодотгол хийж, цалин, тэтгэвэр нэмэхээр боллоо. Долоодугаар сараас хэрэгжих энэ шийдвэр ямар хүрээг хамарч байгаа талаар яриагаа эхэлье?

-2020 оноос хойш гурван жилийн хугацаанд цар тахлын амаргүй нөхцөлд ажилласан. Цар тахлын нөхцөл байдал намжиж байтал урд хөрш хилээ хааж, хойд хөрш дайны нөхцөлд шилжсэн нь амаргүй сорилт байлаа. Манай улсын нүүрсний экспорт 2019 онд оргил хэмжээндээ буюу 36.5 сая тонн нүүрс гаргасан. 2022 онд үүндээ дөхсөн. 2023 оны нэгдүгээр улиралд орлого сайн үзүүлэлттэй явж байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар 27.5 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ бол өмнө нь манай улсад байгаагүй сайн үзүүлэлт. Түүнчлэн сүүлийн гурван жилийн хугацаанд бид маш өндөр инфляцтай явж ирсэн. Тиймээс иргэдийн орлогыг хамгаалахад чиглэсэн төсвийн тодотгол хийлээ. Улмаар нийт 200 орчим мянган төрийн алба хаагчийн цалин хөлс, ахмадуудын тэтгэврийг нэмэх, хүсэлт гаргасан бүх хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэж байна. Түүнчлэн зорилтот халамжийн хэмжээг нэмэгдүүлэхээр болсон. 

-Нэмэгдэх цалингийн зардалд хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ? 

-Цалингийн зардалд нэг их наяд төгрөгийн зардал төсөвлөгдсөн. 

-Цалинг дунджаар хэдэн хувиар нэмж байгаа вэ?

-Манай улсын цалин, хөлсний бодлого дээр хэд хэдэн засах шаардлагатай асуудал байна. Нэгдүгээрт, төрийн алба хаагчид орцод суурилсан буюу тогтмол цалинтай байна. Тухайн хүний ажлын бүтээмжээс үл хамаарч цалин нь тогтмол шинжтэй байгаа. Хоёрдугаарт, ижил үнэлэмжтэй ажил хийж байгаа ч өөр, өөр цалин авч байгаа тохиолдол ч байна. Өөрөөр хэлбэл, тухайн цаг үед салбар ахалж байсан сайдын нэр, нөлөөгөөр салбарынх нь цалин нэмэгдсэн байх жишээтэй байна. Тухайлбал, боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин илүү нэмэгдсэн. Соёл, биеийн тамирын салбарын цалин орхигдсон байдалтай байдаг. Тэгэхээр цалингийн хэт зөрүүтэй байдал үүссэн. Үүнийг өөрчилнө. Түүнчлэн хэт олон цалингийн тооцооллыг салгасан. Цалин хөлс бодох арга ойлгомжгүй байна. Тиймээс эдгээрийг засах ажил хийнэ. Тиймээс цалин нэмэхдээ хэт доогуур үнэлгээтэй байгаа буюу орхигдсон хүмүүсийн цалинг нэмэгдүүлнэ. Тодруулбал, суурь цалин нь 750 мянган төгрөгөөс доош байгаа салбаруудын цалинг бусад салбарын түвшинд хүргэнэ. Ингэснээр үйлчилгээний салбарынхны цалин нэмэгдэнэ. Харин шүүгч, прокурор, улс төрийн алба хаагчдын цалин нэмэгдэхгүй. 

-Тэтгэвэр 10 хувиар нэмэгдэнэ гэх нийтлэг ойлголт байна. Энэ зөв үү?

-Тэтгэврийн нэмэгдэл дээр хоёр төрлийн арга хэмжээ авч байгаа. Нэгдүгээрт, итгэлцүүлээр тэтгэвэр нэмнэ. Үүний дараа бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ. 

-Итгэлцүүр гэдгийг тайлбарлахгүй юу?

-Үндсэн хоёр янзын тэтгэврийн зөрүү байна. Тухайлбал, 30 жил ажиллаад, 2023 онд тэтгэвэрт гарч байгаа багш, адилхан 30 жил ажиллаад, 20 жилийн өмнө тэтгэвэрт гарсан багш хоёрын тэтгэвэр өөр байгаа. Энэ зөрүүг ойртуулах асуудал юм. 20 жилийн өмнө тухайн хүний авч байсан цалинг нь өнөөдрийн буюу 2023 оны цалинд дүйцүүлнэ. Ийнхүү тухайн хүний үнэлэмжийг өнөөдрийн үнэ цэнээр тооцоолно гэсэн үг. Хоёрдугаарт, тэтгэврийн доод хэмжээг 300 мянга байсныг нь өнгөрсөн жил 500 мянга болгож нэмэгдүүлсэн. Ийнхүү тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхээр 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан хүмүүст хохиролтой. Эмнэлгийн захирал хийж байсан хүний тэтгэвэр жижүүр хийж байсан хүнийхтэй ижил тэтгэвэр авч байна гэсэн үг. Тиймээс тухайн үед төлсөн татварын нэг төгрөг бүрийг нь үнэлэх хэрэгтэй. Энэ ялгааг арилгах ажлыг тэтгэврийн зөрүү арилгах гэж нэрлээд байгаа юм. Тэгэхээр ахмадуудын тэтгэвэр хамгийн багадаа 10 хувь нэмэгдэнэ гэсэн үг.

-Нийгмийн даатгалын багц хууль дээр ажилласан жилийн 7 байгааг өөрчилж, 5 жил болгох асуудал яригдаж байна. Хэрэв энэ хууль батлагдчихвал төсвийн тодотголоор баталсан тэтгэврийн зөрүүтэй хэрхэн уялдах вэ?

-Нийгмийн даатгалын багц хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Гэхдээ хаврын чуулганаар батлагдаж амжихгүй. Намрын чуулганаар батлагдсан тохиолдолд ирэх оны нэгдүгээр сараас мөрдөгдөж эхэлнэ гэж харж байгаа. Тухайн үед хууль хэрхэн гарна. Түүнийг нь мөрдөнө. Ямар ч тохиолдолд хууль ухарч үйлчлэхгүй. Тиймээс 2024 оны нэгдүгээр сараас хойш тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийг таван жилээр тооцно гэсэн үг.

-Ирэх жилийн төсвийн зардал багагүй өснө. Төсөв дээр нэмэгдэх ачааллын талаар дэлгэрүүлбэл?

-Нийт 1.9 их наяд төгрөгийн тодотгол хийсэн. Хүүхдийн мөнгөнөөс бусад зардлууд хагас жилээр байгаа. Тэгэхээр энэ хэмжээгээр ирэх жилийн төсөв дээр ачаалал үүснэ. Иргэдийн бодит орлогыг хийхдээ инфляцыг гүйцэх зорилгоор бус бодит орлоготой уялдуулж хийсэн. Манай улсын нийт зардлага сүүлийн таван жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Тухайлбал, халамжийг зардал, эрүүл мэнд, боловсролын зардал зэрэг нэмэгдсээр байна. Бид үүнийг эдийн засгийн нөөцтэйгөө уялдуулж харах хэрэгтэй. ДНБ-д бидний зарцуулж буй зардал олон жилийн 26 орчим хувь байдаг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл