8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоногийн настай "бүтээн байгуулалт"

2023-06-30 10:57:00

Драмын театрын урд буй автомашины зогсоолыг татан буулгах шийдвэрийг Нийслэлийн ЗДТГ-аас өнгөрөгч тавдугаар сард гаргасан байдаг. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Театрын өмнөх машины зогсоолыг нь татан буулгаж, тохижуулах шийдвэрийг гаргасан" гэж мэдээлж байв.

Улмаар зогсоол байсан хэсэгт "Цэцгийн мандал" байгуулах тохижилтын ажлын өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн юм. Гэвч энэ ажлын гүйцэтгэл иргэдийн шүүмжлэлд өртсөн. Учир нь тоосго өрж, гадуур нь шавраар бүрсэн нь 900 сая төгрөгийн үнэлгээнд дүйхгүй хэмээн олон нийт эсэргүүцсэн юм. Тэгвэл өнөөдөр Драмын театрын өмнө өрсөн тоосгонуудыг өнөөдөр буулгаж орхисон байна.

Эргээд зогсоол болгох уу, "Цэцгийн мандал" байгуулах тохижилтын ажлыг эхнээс нь гүйцтгэх үү гэдгийг Улаанбаатар хотын ЗАА-ны хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодрууллаа. Тэрээр "Цэцгийн мандал"-ын тохижилтын ажлыг зогсоогоод, буцаад зогсоол болгох гэж байгаа юм биш. Мандалын хэсгийн нь орон зайн хувьд тавчуу болгоод байна гэж үзсэн учир өөрчлөлт хийхээр болсон. Энэ ажлыг нийт 900 сая төгрөгөөр гүйцэтгэж байгаа. Нураагаад, буцааж өөрчлөх нь төсвийн хүрээнд л хийгдэж байгаа аж. Энэ ажлыг Улаанбаатар зам засвар ачилтын газар гүйцэтгэж байна. Одоогоор дөрвөн талын мандал хэвээр байгаа. Гол нь байсан зуйван хэлбэртэй хэсгийг нурааж, илүү цэлгэр болгох тал дээр анхаарна" гэв. 

Хэрэв анхнаасаа зураг төсөлтэй, төлөвлөгөө, тооцоотой ажил эхлүүлсэн бол бариад, нураадаг байдал үүсэхгүй байсан нь лавтай. Долоо хэмжиж нэг огтлох бус тооцоо судалгаагүй ажил эхлүүлсний балгаар ажил гүйцэтгэх хугацаа хойшилж, гүйцэтгэх шатны алба хаагчид хүчээ барж байна. Харин албаныхан энэ асуудалд "Хувийн аж ахуйн нэгж гүйцэтгээгүй. Улаанбаатар зам засвар ачилтын газар буюу "манайхан" ажиллаж байгаа. Тиймээс хэд ч нурааж, хэчнээн ч засаж болно" гэх хандлагатай байгаа нь учир дутагдалтай юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл