8o
Улаанбаатар хот
mobile menu

Говь-Алтай: Нохойд бариулсан тарваганаас тахал авчээ

2023-06-30 13:23:08

Говь-Алтай аймагт  зургадугаар сарын 26-ний 21.00 цагийн үед Аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй үжил халдвар оноштой ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн.  Тэгвэл сэжигтэй тохиолдлын хариу гарч, тарваган тахал болох нь батлагджээ. Говь-Алтай аймгийн онцгой комиссоос Бугат сумд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байсан бол  хөл хориог зөвхөн аймгийн төвд тогтоохоор болжээ.

Эрүүл мэндийн газрын дарга Г.Лхагважаргал "Сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэний булчирхай хэлбэрийн тахал, хүндрэлгүй гэх дүгнэлт гарсан учраас зөвхөн аймгийн төвд хөл хориог тогтоох саналыг аймгийн эрүүл мэндийн газраас оруулсан. Аймгийн Онцгой комисс хэлэлцээд энэхүү саналыг дэмжсэн. Булчирхайн тахал нь ахуйн хавьтлын замаар халддаг. Хүндрэл үүсээгүй байгаа тохиолдолд зургаан хоног дотроо амьсгалын замаас халдвар бага байдаг" гэдгийг онцлов.

Тодруулбал, Алтай сум дахь хилийн цэргийн ангийн малчин цэрэг 21 настай залуу өндөр хэмжээнд халуурч, биеийн аль нэг хэсгийн булчирхай цочсон шинж тэмдэгтэйгээр  эмнэлэгт хандсан юм. 

Улмаар нохойнд бариулсан тарвагыг өвчсөн гэдгээ хэлжээ. 

Түүний ойр орчмын 40 хүнийг тусгаарлалтад авсан юм.  Тарваган тахлын халдвар дамжих замын хувьд янз бүр. Тухайлбал, шууд хавьтлын зам гэж бий. Өөрөөр хэлбэл, өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх үед гар хуруугаа эсгэх, шалбалах үед  өвчилж болдог гэнэ. 

"Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 cap, өвчтөний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагддаг. Тиймээс тарваган тахлын өвчин хүндэрвэл уушгины хэлбэрт шилжинэ. Хэрэв уушгинд шилжиж даамжирвал хүний аминд халтай. Учир нь тарваган тахлын нян биед оронгуутаа маш хурдацтай үржиж, тархаж, бие махбодийн ашигтай бичил биетэн, бүх эрхтэн системийг үйл ажиллагааг доголдуулж, зогсоосноор нас баралтад хүргэдэг аюултай" гэдгийг  Зооноз өвчин судлалын үндэсний  төвөөс анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
турж үхэх гээд бна уу малнуудаа адгуус идэж яадгым
2023/07/04 202.9.41.30