8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүүх: Найман ишиг биш 56 тооны малыг бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон

2023-07-04 12:34:00

Хэнтий аймгийн иргэн Г.Төрболд өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, Хэнтий аймгийн шүүгч, прокурорууд шударга бусаар шийдвэр гаргасан хэмээн үзэж байгаагаа хэлсэн юм. Тэрээр “Манай аав 2 жил, ээж минь 2.6 жил хорил ял авсан. 8 ишигний хэргээр буруутгасан. Бид мал хулгайлаагүй. Айлын хонь нийлснээс энэ хэрэг болсон. Гэтэл мал хулгайлсан гэж гүтгэн биднийг ялласан гэж харж байна" хэмээсэн. Тэгвэл энэхүү хэргийг хэрхэн шийдсэн талаарх Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс гаргасан шийдвэрийг хүргэж байна. Одоогоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байгаа юм байна.

Шийдвэрлэсэн шүүх: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх

Шүүхийн шийдвэрийн дугаар: 2023/ШЦТ/45

Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 06 дугаар сарын 26

Шүүгдэгч: Л.Г, Ц.Т, Б.Д

Хохирогч: Т.Б, Ж.Э

Шийдвэрийн төлөв: Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй.

Маргааны төрөл: Өмчлөх эрхийн эсрэг “мал хулгайлах” гэмт хэрэг

Хэнтий аймгийн прокурорын газраас Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан буюу “Машин механизм ашиглан бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан” гэмт хэрэгт, Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Шүүгдэгч Л.Г, Ц.Т нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын ... дүгээр багийн нутаг ... гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Т.Б-ын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, Ж.Э-ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Б , Ж.Э нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, уг 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-н хонин сүргэнд нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлж, Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Д нь уг 56 тооны бог малыг гэмт хэргийн улмаас олсон мал хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, улмаар 8 тооны ишгийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр машин механизм буюу “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-н хонин сүргэнд нийлүүлж, Л.Г, Ц.Т нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор малын байршлыг өөрчилж, Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ

1.Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Г, Ц.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан  гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Д-г цагаатгасан.

Шүүгдэгч Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Г-д 2 (хоёр) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар, Ц.Т-д 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл